ТВ25-ын сэтгүүлч А.Авирмэдийн С.Баярын талаар хэлсэн TV comment

“Хэн хаана юу хийж явах нь хөгжим хөөсөн мань мэтэд нэг их сонин биш ч бас гайхшруулдаг. Тэгтэл чинь манай дөчин мянгатын бацаан инээмсэглэлийн фэн маань Ерөнхий сайд болчихдог. Ёстой л амьд явбал юу ч үзнэ билээ тэр л болж байх шиг байна. Гэхдээ надад их итгэл, найдвар төрж байнаа. Эхний хэлсэн үг, хийсэн алхам нь нээрээ над мэт байтугай таалагдсан шүү дээ” хэмээн яриагаа эхэлсэн ТВ25-ын сэтгүүлч А.Авирмэдийн С.Баярын талаар хэлсэн TV comment нь аргагүй нэгийг бодуулж, хоёрыг сануулмаар болсон. Энэхүү видео бичлэгийг танд хүргэе.

Б.Цэнддоо: Төрийн залгамж

Монголд төрийн бодлоготны уламжлал тасарснаас хойш 300 гаруй жил болж байгаа юм. Харин улс үндсээ бие даалган авч явах бодлогын "алтан аргамж" эргэж залгагдаад ердөө 18 жил өнгөрлөө. Эхнийх нь Монголчууд Манж Чин улсын эрхшээлд орсон цагийг хэлж байна. Харин удаах нь 1990 оны ардчилсан хувьсгалыг зааж байна. Манж Чин гүрний хараат болсноор Монголд төрийн зүтгэлтний уламжлал тасарч, төрийн албан хаагч, тэгэхдээ харь гүрний тогтоож буй бодлогыг хэрэгжүүлэгч албатууд үржин, оршсоор ХХ зуунтай золгожээ. ХХ зууны эхнээс эхэлсэн тусгаар тогтнолын хөдөлгөөн олон арван эх оронч хөвүүдийг төрүүлжээ. Харамсалтай нь бурхан тэдэнд эх оронч сэтгэл зүрх заяаснаас биш эх оронч байх боломжийг хомсхон өгчээ.

1990 оны ардчилсан хувьсгалаар Монголд төрийн зүтгэлтэн төрөх боломж бүрдлээ. Монгол төр хэнээс ч хараат бус болж бие даасан бодлогоо дотоод гадааддаа хэрэгжүүлэх боломж гарсан хэрэг шүү дээ. Бидэнд байсан юм гэвэл шинэтгэх хүсэл мөрөөдөл, иргэнлэг эр зориг, хуучин цагийн системээр бэлтгэгдсэн төрийн албатууд, хуучин үнэлэмжээрээ төрд зүтгэх сэтгэл энэ тэр л байлаа.

Гэтэл Монгол төрийн албатууд болон өөрийгөө төрийн албат гэж үзэгсэд ардчилсан төрдөө хуучин "нураагч арга"-аараа зүтгэх боллоо. Өөр мэдэх юм байхгүй юм чинь яалтай билээ. Монгол дахь төрийн зүтгэлтнүүд өөрийнхөө хийснээр биш, өрөөл бусдаас олж нээсэн дутагдлынхаа хэрээр үнэлэгддэг болсноос үүдээд үндэстнийхээ эрх ашгийн төлөө нэгдмэл бодлого баримтлах бололцоо хомсдож иржээ. Аливаа нам, төрийн зүтгэлтэн бодлоготон өөрийнхөө чадамжийг нотлохын оронд бусдын алдааг илрүүлснээрээ үнэлэгддэг орчинд юм юм бүтээж бусдад идэш бэлтгэх тэнэг гарах уу?

Алдаан дундаасаа монголчуудын олсон сургамж л С.Баярын засгийн газрын "Таван төгөлдөршил"-ийн дөрвийг сөрөг хүчин дэмжиж, уул уурхайн салбарт барих төрийн үндсэн бодлого дээр монголчууд хоорондоо зохицож чадав. Харилцан дэгээдэлцэл, унаж босох процесс дундуур Монголын үндэсний төрийн зүтгэлтнүүд тодорч эхэлж байна. Өнгөрсөн хориод жилд манай түүхнээ гарч ирсэн гялайж гялтайсан болгон өөрийн гэсэн авторуудтай үлджээ. Ардчилсан хувьсгал, шинэ үндсэн хуулийг зориуд орхиод харахад ч ийм байна. Өмч хувьчлалын үйл хэргийг Да.Ганболдгүйгээр; үнийн чөлөөлөлтийг Дашийн Бямбасүрэнгүйгээр; банкны шинэчлэлийг Да.Ганболд ба Д.Бямбасүрэн хоёргүйгээр; санхүүгийн шинэтгэлийг Баабаргүйгээр; малыг малчдад өгсөн ба авилгатай тэмцэж эхэлснийг Элбэгдоржгүйгээр; орон сууц хувьчлал ба татварын шинэтгэлийг Р.Бадамдамдингүйгээр; ашигт малтмалын салбарыг дампуу байдлыг зогсоож газрынхаа баялгийг эзэмших эрхийг төрдөө эргүүлж авчирсан бодлогыг Лу.Болдгүйгээр төсөөлөх аргагүй.

Хүчний байгууллагууд дотроо хамгийн амжилттай шинэчлэгдэж, ахархан хугацаанд олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвар суусан Монголын армийн шинэтгэлийн авторууд нь Баабар, Дорлигжав, генерал Дашзэвэг нар гэдгийг хүмүүс тэр бүрий бас мэдэхгүй. Өөрт нь дур гутсан хүн хэтэрхий олон болсон ч газрыг хувьчлах шийд гаргуулж чадсан Н.Энхбаярыг алхамыг арчаад хаях боломжгүй. Хувьсгал шинэчлэлт дотор үгүйлэгдэж байсан хэсгүүдийг зангидаж гүйцээхээр боловсрогдсон "Таван төгөлдөршил" бодлогыг Санжийн Баяраас салгах аргагүй. Ингээд харахаар түүх жамаараа явж, өөрийн баатрууд тодорч, тасалдаад 300 жилийг үдсэн Монгол төрийн бодлого ба зүтгэлтний уламжлал зүй зохисоороо сэргэн залгагдаж байгаа ажаам.

Нэгэнтээ Ярослав Хашекийн эрэлхэг цэрэг Швейк "Юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг" хэмээн наргиан болгон хэлсэн билээ. Бид ч бас яаж ч муудсан гэлээ мөн л сайжрах тийшээ явж байгаа. Наад зах нь төрийн бодлогын тасархай залгагдаж сэргэгдэж л явна.

Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнээ, МАХН худал хэлэхгүй, амласнаа хэрэгжүүлнэ

Энэ удаа та бүхнийгээ нэгэн шинэ сонин зочинтой уулзуулах гэж байна. Ойрын үед хөдөө орон нутгаар яваад нэлээн завгүй байсан ийм эрхэмтэй ярилцах боломж олдлоо Энэ бол Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжаагийн Баяр юм. Энэ удаа сонгуультай холбоотой нэгэн том сэдвээр ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэнд хүргье.

Сайн байцгаана уу. Телевиз үзэгчдийнхээ энэ өдрийн амгаланг айлтгая.

Сүүлийн үед үнийн дуудлага худалаанд оролцуулах мэт намуудын мөрийн хөтөлбөр явдаг боллоо. Иргэд их гайхаж байна л даа. МАХН "Эх орны хишиг" гээд ярьж эхэллээ. 1.5 сая төгрөг өгөх боломжтой гэж та хөдөө орон нутагт явж байхдаа мэдэгдсэн. Үүний өмнө АН-ын дарга саятан иргэдийг төрүүлнэ гэж мэдэгдсэн. Үүнээс улбаалаад иргэд ер нь ийм их мөнгийг төр засаг бидэнд өгөх боломжтой юм уу гэдэгт эргэлзэж байгаа. Тэгэхээр "Эх орны хишиг"-ийн талаар танаас тодруулья гэж бодож байна. Үүнийг та сонгуулийн өмнө сэдэж гаргаж ирэв үү? Энэ хишгийг хүртээх талаар МАХН өмнө нь тооцоо судалгаа хийж байв уу?

Энэ сэдэв бол шинэ сэдэв биш. МАХН-ын хувьд ч, АН-ын хувьд ч шинэ сэдэв биш. Эхэлж ярьсан тухайд бол би 1998 онд юмуу даа. Одоогоос 10 жилийн өмнө гэсэн үг л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа Ерөнхийлөгчийн айлчлалаар бид дагалдан хамт Кувейт орсон юм. Кувейтийн амьдрал, эдийн засагтай танилцаж байхад "Кувейтийн сан" гэж байгууллага байв. Энэ бол одоо манай "Эх орны хишиг сан" - тай ижилхэн байгууллага гэсэн үг л дээ. Асар их байгалийн баялагтай, газрын тостой, тэрнийгээ олборлоод маш их ашиг олдог, орлогоо Кувейтийн иргэн бүрт хуваарилдаг "Кувейтийн сан"-тай анх танилцаж билээ. Тэгээд Кувейтийн энэ жишгийн тухай би нутагтаа буцаж ирээд Ерөнхийлөгчийн айлчлалын тухай ярьж байхдаа "Кувейтийн сан" гэж ийм сан байх юмаа, газрын тосныхоо асар их нөөц баялгыг худалдаад Кувейтийн иргэн бүрт өгөх юм. Кувейт улсад дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийн дундаж хэмжээнд хүрчихсэн байна.Тэр үед би андуураагүй бол нэг хүнд 15-16 мянган ам.доллар ногдож байсан байх шүү. Ийм сан байдаг юм байнаа. Монгол орон асар их баялагтай. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулаад тэндээсээ гарсан ашгийг иргэддээ хүртээх нь манай ирээдүй юм даа гэж хэлж байснаа мартаагүй байна. Иймэрхүү байдлаар би жишээ нь 10 жилийн өмнө МҮОНТ-д өгч байсан ярилцлагандаа ярьж байсан юм. Ганцхан Кувейтэд байдаг юм биш л дээ. Норвеги, АНУ-ын Аляска муж гээд байна л даа. Энэ бол дэлхий нийтэд байдаг жишиг. Бүх оронд биш. Гэхдээ байгалийн асар их баялаг нөөцтэй улс оронд байдаг жишээ. Тэгэхээр энэ тухай яриа бол 10 жилийн өмнө гарсан гэсэн үг. Харин энэ боломж бололцоо хэзээнээс нээгдсэн бэ гэхээр 2-3 жилийн өмнөөс л манайх дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо шүү дээ. Тийм учраас ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай асуудал яригдаад эхэлсэн. Гадна дотнын хүмүүстэй урьдчилсан байдлаар яриа хэлэлцээр хийж эхэлсэн. Энэ маань дөхөөд ирэхээр бий болсон баялаг, шинээр орж ирэх хөрөнгө мөнгийг ард иргэддээ яаж хуваарилах вэ гэдэг асуудлаар лав нэг, хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Би хоёр жилийн өмнө энэ тухай бас ярьж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч ч ярьж байсан. Тэгээд энэ асуудлыг би Монгол Улсын Ерөнхий сайд болоод албан ёсоор УИХ-ын чуулганы индэр дээрээс 5 төгөлдөршил хэрэгжиж эхлэхдээ: Нэг.Сонгуулийн төгөлдөршил, Хоёр.Байгалийн баялаг ашиглалтын төгөлдөршил, Гурав дахь нь энэ байгалийн баялгаас олсон хөрөнгө мөнгийг ард иргэддээ тэгш шударгаар хуваарилах төгөлдөршил гээд гурав дахь төгөлдөршил болгож ярьсан юм. Тийм учраас энэ бол шинэ сэдэв биш. Хаваржингаа л энэ тухай ярилаа. Сонгуулийн өмнө бол бид мөрийн хөтөлбөртөө маш тодорхой тусгасан. Яг эл 5 төгөлдөршилд томъёолсон байдлаар нь. Хэмжээ дамжаагий нь бол бид янз янзаар л хэлж байсан. 500 мянгаас авахуулаад 3 сая хүртэл. Тэгээд бид чинь тооцоо хийж байгаа юм л даа. Уг нь бид АН-тай хоорондоо ярьж байсан юм. Тодорхой мөнгө хэлэх үү, үгүй юу гэж. Тэгээд Элбэгдорж дарга бид хоёр 3 дугаар сард олны өмнө ил гарч хэлэхдээ ашигт малтмалын хуулиа батлая, гэхдээ Монголын тал 51 хувиас доошгүйг эзэмшинэ гэсэн байдлаар. Элбэгдорж дарга Монголын талын гээд би болохоор Монгоын төрийн гээд энэ тухай 3 дугаар сард хэвлэл мэдээллийнхэн нэлээд шуугиан, гол сэдэв болгож ярилцсан л даа. Гэхдээ бид 2-ын хооронд бол мөнгөний асуудлыг сонгуулийн үеэр ярих уу, ярихгүй юу. Яривал зэрэгцээд л хамт ярья, ярихгүй бол ерөөсөө хуулийн дагуу үүнийг шийдвэрлэнээ гэдгийг ерөнхий байдлаар нь ярьсан. Тэгээд ч Элбэгдорж даргатай боловсон ёсоор гар барьж тохиролцсон. Тоо энэ тэр ярихгүй гэж л тогтсон юм. Тэгтэл АН гэнэт л 1 сая төгрөгийг манайх амлаж байнаа гэсэн. Үүнийг АН-ын гишүүн, зөвлөлийнхөн хүртэл мэдэхгүй байсан юм байна лээ. Гэхдээ амлахдаа хүрэх юм бол тооцоотой амлах ёстой л доо. Бидний тооцоогоор бол Оюутолгой, Тавантолгой зэрэг орд газруудыг ашиглах юм бол 1.5 саяыг иргэн бүртээ хишиг байдлаар хүртээх бололцоотой гэж үзээд мөрийн хөтөлбөртөө оруулаад ярьж байгаа юм.

Иргэд нэг зүйл дээр итгэхгүй, эргэлзээтэй байгаа. Яагаад гэвэл хоёр нам гэнэт л сая саяар нь төгрөг дуудаад том том дууграад эхлэхээр нь сонгуулийн шоу гэж харж байгаа хүн байхыг үгүйсгэхгүй л дээ. Та бол Монгол Улсын Засгийн газрын тэргүүн. Монгол Улсын мөнгөний авдар хичнээн хөрөнгөтэйг бас мэдэж байгаа. Ер нь 2008 оны УИХ-ын дараах гүйцэтгэх засаглал уг бодлогыг хэрэгжүүлээд ийм хэмжээний мөнгө иргэдэд өгчих боломж байгаа юу?

Үүний тулд давын өмнө ашигт малтмалынхаа хуулийг батлах ёстой. Түүн дотор 2 улс төрийн нам ярьж тогтсон юм бол "Монголын талын" би бол төрийн гэж байгаа 51 хувиас доошгүй байнаа гэж. Энэ хуулиа баталсан цагт бид гадаадын хөрөнгө оруулагч нартайгаа гэрээгээ байгуулна. Гэрээгээ байгуулахдаа энэ мөнгийг босгох асуудлыг шулуухан ярьж болох юм. Энэ бол бүрэн бололцоотой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл урьдчилсан гэрээ хэлэлцээр гэж бид нар хийж байна шүү дээ. Жишээлбэл Оюутолгойн гэрээ. Энэ гэрээгээр хэрэв бид хуулиа батлаад гэрээгээ хийсэн бол өдөртөө Монгол Улс 4 тэрбум төгрөг олох бололцоотой юм. Энэ бол нэг жилдээ 1.4 террилион төгрөгийн нэмэлт хөрөнгө орж ирэх бололцоотой гэсэн үг. Манай төсөв чинь жилд 2.4 террилион шүү дээ. Өөрөөр хэлэх юм улсын төсвийн хагасаас илүү хувийг нь олох бололцоотой. Өөр нэг хувилбар байна. Би Ерөнхий сайд болонгуутаа Тавантолгойн орд газруудын тусгай зөвшөөрлийг төр өөрийнхөө мэдэлд авах ёстой гэж хэлээд гурван сар орчим хэлэлцээр хийсэн. Одоо энэ тусгай зөвшөөрөл бол Засгийн газрын мэдэлд байгаа. Энэ тусгай зөвшөөрлийг Засгийн газар мэдэлдээ авангуут жишээлбэл Энэтхэгийн нэг тэрбумтан Монголд ирсэн юм. Төмөрлөгийн үйлдвэр эрхэлдэг том үйлдвэртэй хүн л дээ. Тавантолгойн орд газрын тухай надтай уулзаж байхдаа их сонин санал хэлсэн юм. Танай Тавантолгойн орд газар бол үнэхээр дэлхийд ховор юмаа. Үүнийгээ яаж шийдэхэв гэдэг нь та нөхдийн асуудал. Гэхдээ Засгийн газар нэгэнтээ энэ тусгай зөвшөөрлөө авсан юм чинь би нэг сонин хувилбар та нарт санал болгоё. Та нар таван улс орон тэнд нь оруулчих, нэгэнд нь намайг оруулчих тэгээд орос, хятад, япон, америкчуудыг ингээд жишээлбэл 5 төлөөлөл оруулчих. Бид хоорондоо нийлээд консерциум байгуулаад тэгээд энэ төмөр замын асуудал, цахилгааны асуудал, усны хангамжийн асуудал, тэнд босох хот суурингийн асуудал, тэнд оршин суух хүмүүсийн цалин хөлсний асуудлыг бүгдийг нь шийдье. Хэрэв та нөхөд намайг энэ төсөлдөө хуулийн дагуу багтаанаа гэх юм бол би Тавантолгойн 1/5 дээр нь ажиллая. Тэгээд би урьдчилгаа болгоод 1 тэрбум доллар танай улсын төсөвт тушаахад бэлэн байна. Намайг ийм жишиг гаргасны дагуу Монголын Засгийн газар бусад 4 улс орноос Энэтхэгийн нэг компанийхан урьдчилсан төлбөр болгоод 1 тэрбум доллар өгч байнаа гээд яг тийм хэмжээний санал тавьж болно. 1 тэрбум доллар шүү дээ. Тэгээд энэ жишгээр явах юм бол та нар 5 тэрбум доллартай болноо. Тэрнийгээ та нөхөд нийгмийнхээ асуудал, ядуурлын асуудал, орон сууцны асуудал, эрүүл мэндийн асуудал, ахмадынхаа тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийнхаа асуудал, жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг шийдээчээ гэсэн юм. 5 тэрбум доллар гэдэг бол манай 2 жилийн улсын төсөв байхгүй юу. Тийм учраас ийм бололцоо бий юу гэвэл бий. Энэ бололцоог бий болгохын тулд бид урагшлах ёстой. Урагшлахын тулд бол нөгөө ашигт малтмалын тухай хуульдаа бидний яриад байгаа өөрчлөлтийг оруулаад батлаад хуулийнхаа үндсэн дээр гэрээгээ хийх ёстой юм. Харамсалтай нь энэ хуулийг батлуулах ажлыг би хагас жил хөөцөлдлөө. УИХ-ыг ер нь над шиг царайчилсан, гуйсан хүн бараг байхгүй шүү. Бүр УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт нь би жирийн гишүүнээр орж ажиллсан шүү дээ. Томъёоллуудаа ерөнхийдөө тохироод манай Засгийн газраас 14 санал өгсөн. Харамсалтай нь түүнийг баталж өгсөнгүй. Цагаан сарын өмнө батлана гэж байснаа элдэв шалтаг хэлсээр байгаад больсон, за яахав 3 сард ээлжит бус чуулган хийеэ гээд гар барьж байгаад Элбэрдорж даргатай тохироод бас л байхгүй. Ардчилсан намын зөвлөл нь элдэв шалтаг хэлээд л ээлжит бус чуулган эхлээд л хаагдсан шүү дээ. Тэгээд 10 гаруй хоног хуралдаж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй, хаврын чуулгантайгаа залгаад цаашаагаа явсан. Хаврын чуулган сонгууль эхэлсэнтэй холбоотойгоор сая завсарлачихлаа. Хуулийг баталсангүй. Нэгэнт энэ хууль батлагдаагүй юм чинь асуудал урагшлахгүй байгаа юм. Хууль батлагдмагц гэрээгээ байгуулаад тэр мөнгийг босгох бүрэн бололцоотой гэж Засгийн газар, Засгийн газрын тэргүүний хувьд би үзэж байгаа юм.

Тэгэхээр та ашигт малтмалын хуулийн тухай ярьж байна. Энэ бол бас ард түмэнд мөнгө амлаж байгаа дараагийн нэг эргэлзээ. Яагаад гэвэл 2 намын дарга гар барьж ашигт малтмалын хуулийг сонгуульжихгүй амжиж батлана гэж, тэр орд газруудыг ашиглалтад ороод энэ хувь хэмжээг яривал иргэд итгэх байсан байх. Гэвч одоо хууль батлагдаагүй, эрх зүйн орчин байхгүй. Гэтэл өнөөдөр АН-ын хэлж байгаа нэг сая төгрөг, ашигт малтмалын салбараас олно гэж хашгирч байгаа тэр мөнгө хууль эрх зүйн орчин нь байхгүй болохоор иргэд үнэхээр эргэлзэж байна.

Би сая хөдөө орон нутгаар яваад ирлээ. Булган, Хөвсгөл, Архангайгаар орлоо. Ард иргэд бол яг үүнийг хэлж байгаа юм. Тэгэхдээ шүүмжлэхдээ намайг, Засгийн газрыг шүүмжлэхээсээ илүү АН-ыг шүүмжилж байна л даа. Ямар нүүрээрээ эд нар амлаж байгаа юм бэ? Бид нар харсан, та бол хагас жил үүнийг зүтгүүллээ. Энэ ашигт малтмалын тухай хуулийг баталчихья, Тавантолгойг төрийн мэдэлд авчихья, тэгээд энэ асуудлыг урагшлууья, өдөр бүр, цаг бүр бидэнд үнэтэй цэнэтэй байна шүү дээ гэж та хэлж байсан. Өдөртөө 1-3 сая долларыг алдаад байна, энийгээ бушуухан баталмаар байнаа гэдгийг бол та учирлаад л байсан. Гэтэл АН садаа болсон. Садаа болсон хэрнээ ямар нүүрээрээ сая төгрөг иргэн бүрт амлаж байгаа юм бэ гэж иргэд хэлж л байна л даа. Би тайлбарлахдаа "Энэ хууль батлагданаа. Сонгууль болох гээд улстөрийн учир шалтгаантай учраас батлагдахгүй байгаа байлгүй дээ. АН яг ярихдаа бол ойлгоод л, зөвшөөрөөд л, дэмжээд байдаг юм шиг. Нидэр дээрээ очихоор элдэв саад бэрхшээл хэлсээр байгаад л батлуулсангүй шүү дээ. Сонгуулийн дараа нөхцөл байдал өөр болох байх. Монголын улстөр арай эрүүл болох байх гэж би итгэж, найдаж байгаа. Тийм учраас энэ хуулийг бол сонгуулийн дараа зайлшгүй батална. Батлахгүй бол энэ алтан цаг, боломж алдагдаад байна шүү дээ. Дэлхийн зах зээл дээр юмны үнэ өсөөд байна гээд бид халаглаад л байна. Газрын тосны, улаан буудайн, хүнсний үнэ нэмэгдээд байна, үүнтэй зэрэгцээнд манайд байгаа баялаг бас үнэ нь нэмэгдээд байгаа байхгүй юу. Нүүрсний, алтны, зэсийн, молибдений, ураны, төмрийн үнэ нэмэгдээд байна. Энэ талаар манайх асар их нөөц баялагтай. Тэгээд бушуухан тэрнийгээ олборлож аваад дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байгаа дээр нь борлуулах нь эрүүл ухаан биз дээ. Харамсалтай нь бид цаг алдаад байгаа юм. Тийм учраас сонгуулийн дараа энэ хуулийг батлана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн үр дүн яаж ч гарлаа гэсэн улстөрийн намууд үүнийг гацаагаад байхгүй боловуу гэдэгт итгэлтэй байна. Хууль нь бэлэн болчихсон байгаа шүү дээ.

Энэ хуулийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хачин жигтэй зүйл яриад байгааг та дуулсан байх. АН-ын лидерүүдийн нэг Э.Бат-Үүл гишүүн хэвлэлийн бага хурал хийлгэж байсныг би санаж байна. МАХН-ын дарга, Ерөнхий сайд таныг Орос руу оргож бусгаад ирснээс хойш МАХН-ынхан байр сууриа өөрчиллөө гэсэн тайлбарыг хэлж байсан. Нууц биш бол та зүүн бүсийн аймгуудаар явахдаа үнэхээр Оросын тал руу очиж Оросын үйлдвэр дээр буусан юм уу? Үүнээс болж энэ хууль завсарлалаа гэж УИХ-ын чуулган завсарлахын өмнө хэлээд авсан. Энэ дээр та тайлбар өгч болох уу?

Тэгье. Э.Бат-Үүл энэ үгээ хэлчхээд Сэлэнгэ рүү алга болсон. Би хойноос нь утасдаад олохгүй байгаа. УИХ-ын танхим гэдэг чинь хариуцлагатай үг хэлдэг танхим шүү дээ. Тэгээд ийм үг хэлчихсэн бол эргээд надтай уулзах нүүртэй байх ёстой шүү дээ. Би Э.Бат-Үүл гишүүнтэй танай телевизээр олны өмнө хамтдаа яримаар байна. Ингэж бие биенээ гүжирдэж болохгүй л дээ. Ц.Элбэгдорж даргатай ч гэсэн энэ асуудлаар, улс орны хөгжлийн асуудлаар, ашигт малтмалын хуулийг яагаад батлуулаагүй юм, яагаад гар барьсан хэрнээ хэлсэн амандаа хүрээгүй юм гээд л олон асуудлаар нүүр нүүрээ харж байгаад ярихад бэлэн байна. Түүнээс нэгийгээ байхгүйд нөгөөгөө муу хэлчхээд тэгээд тойрог руугаа сураг тасарчиж болохгүй шүү дээ. ОХУ руу алга болсон гэсэн ийм шуугиан нэлээн дэгдээсэн байна лээ. Монгол Улсын Ерөнхий сайд хаашаа ч юм аль нэг тийшээ алга болох бололцоо байхгүй. Хууль нь тийм юм. Дорнод аймагт томилолтоор явж байгаад би тйишээ очсон, тэгэхдээ аль 4 дүгээр сарын дундуур ОХУ-д албан ёсоор айлчлахдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Ерөнхий сайд Зубков, Ельцины үед Ерөнхий сайд байсан "Росатом"-ын агентлагийн дарга Криенко нартай тохирсон байсан юм. 5 дугаар сарын сүүлээр Мардайн уурхайг хамт очиж үзье. Мардайн уурхайг очиж үзсэний дараа Эрээнцаваас хойшоо 300 км-ийн зайд байгаа ураны хүдрийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог үйлдвэрлэлийг үзье гэж ярьсан байв. Манай талаас шинэлэг санал тавьсан. Тэр нь юу вэ гэхээр ОХУ-тай хамтарсан үйлдвэр байгуулья. Мардайн уурхай дээр уран олборлодог, зөвхөн олборлоод зогсохгүй хагас боловсруулалт хийдэг үйлдвэр байгуулъя. Ураны хүдрээс шар нунтаг гэдгийг нь гаргаж авна. Тэгээд шар нунтгаа зөөгөөд Эрээнцаваас 300 км-ийн зайд байгаа Каменскийн үйлдвэр гэж дэлхийн 5 том үйлдвэрийн нэг гэдэг байхаа, тэр үйлдвэр дээр Монголын талаас хөрөнгө оруулья. Өөрөөр хэлбэл хамтарсан үйлдвэрийг зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр биш бас Оросын нутаг дэвсгэр дээр байрлууья гэсэн санал тавьсан. Хүдрийг зарахад үнэ нэг их хүрэхгүй. Бэлэн бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн зарах юм бол өндөр үнэ хүрнэ. Монголын тал, Оросын тал ураны хүдэр олборлох дээрээ ч, боловсруулах дээрээ ч, бэлэн бүтээгдэхүүн болгох тал дээрээ ч хамтарсан үйлдвэр байгуулья гэж зөвшилцсөн юм. Энэ бол хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр. Монголын нутаг дэвсгэр дээр хамтарсан үйлдвэрүүд их олон байдаг шүү дээ. Дандаа түүхий эд олборлох дээр. Түүнийгээ харин боловсруулах дээр Монгол Улс аль ч гадны улстай хамтарсан үйлдвэр байгуулж байгаагүй. Ийм саналыг бид айлчлалын үеэр тавьсан. Оросын тал зарчмын хувьд хүлээж авч байгаа. Хэрэв тэгж байгаа бол Мардайн уурхайгаа ч үзье, боловсруулах үйлдвэрийг нь ч үзье гэсэн юм. Энэ бол аль 4 дүгээр сард хоёр тал ярьж тохирсон зүйл. Москвад болсон хэлэлцээрийн үед нээллтэй ярьсан. Тэрнийхээ дагуу л би Мардайн үйлдвэрийг үзнэ гэж сэтгүүлчдэд зарлаад явсан шүү дээ. Тэнд цаг хугацааны хүчин зүйл байсан. Криенко, дарга өөрийнхөө нисдэг тэргээр Дорнодод ирсэн. Цаашаа 300 км та нисдэг тэргээр явдаа, би доогуур машинаар явья гэж хэлж болохгүй шүү дээ. Хамт нисье гэсэн, хамт л ниссэн. Тэр үйлдвэрийг үзээд үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Ланжгар том үйлдвэр байна лээ. Энэ төслийг бид хэрэгжүүлж чадах юм бол Эрдэнэтийн дайны, магадгүй түүнээс том үйлдвэрийг бид нар ОХУ-тай хамтраад байгуулчих боломж байгаа юм. Эрдэнэт өнөөдөр манай улсын төсвийн 1/3 -ийг бүрдүүлж байна шүү дээ. Бодоод үз дээ. Ураны олборлолт дээр эцсийн бүтээгдэхүүн гаргах дээр нь дахин нэг шинэ үйлдвэр байгуулах гэдэг бол Монголд, Монголын эдийн засагт, энэ "Эх орны хишиг"-т асар их ашиг тустай зүйл. Тэрнийг л хөөцөлдөж яваа юм. Тэгээд одоо сонгууль болж байгаа учраас элдэв олон юм ярьдаг шүү дээ. Олон жил үерхэж нөхөрлөж яваа хэдий ч өөр намд байдаг болохоор Э.Бат-Үүл маань сонгуулийн үеэр нэг иймэрхүү болчимгүй юм хэлчихдэг юмаа. Тээр жил Хөвсгөлийн нөхөн сонгуулийн үеэр бас нэг болчимгүй юм хэлээд л, тэрэндээ ороогдоод л байсан. Энэ сонгуулийн үеэр бас л нэг тийм юм хэлчхээд Сэлэнгэ рүү, тойрог руугаа яваад өгсөн байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд аль нэг тийшээ оргоно, аль нэг тийшээ зайлна, аль нэг талд орно гэж байхгүй шүү дээ. Тэгээд хоёр алхаад үнэн юм тодроод гараад ирчих юман дээр хариуцлагатай улстөрч ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй л дээ. Гэхдээ яах вэ. Сонгуулийн үеэр тийм юм гарч л байдаг юм. Тоогоод байх ч хэрэггүй болов уу гэж боддог.

"Эх орны хишиг" гэдэг нэрийг бас сөрөг хүчнийхэн их шүүмжилж байгаа. Яагаад гэвэл хишиг гэдэг нэг бурхан ч гэдэг юм уу, нэг лам ч гэдэг юм уу өмнөө тавьсан идээ будаанаасаа хишиг хүртээж даллага авна гэдэг маягаар тайлбарлаад байна. Өөрсдийнхөө "хувь" гэдгийг бол арай өөр том өргөн агуулгатай гэж байгаа. Тэгэхээр та бас "Эх орны хишиг" гэдэг юм уу МАХН-аас асуухдаа урьдаа өрсөн идээ будаа их хөрөнгөнөөсөө бага бага хишиг ард түмэндээ хүртээе гэж өгсөн юм уу?

Энэ бол үгийн оньсого руу л орчихлоо л доо. Улстөржүүлж байгаа нэг л асуудал шүү дээ. Энэ саналыг МАХН тавихдаа "Эх орны хишиг " гэдгээр тавьсан, Ерөнхийлөгч үүнийг "Эх орны хишиг" гэж байгаа юм, байгалийн баялгаасаа хувь хишиг хүртэнэ гэдэгт монгол хүн үүнээс цэрвээд байх биш, билэгшээж хүлээж авна. Түүнийг түгээх хэлбэр нь янз янз байж болно. Бид зүгээр яриад байгаа юм биш шүү дээ. "Эх орны хишиг" сангийн тухай хуулийн төслийг манай Засгийн газар боловсруулаад аль 2,3 дугаар сард хаврын чуулганы өмнө УИХ-д өргөн барьсан. Эрхэм гишүүд энэ хуулийг маш сайн мэдэж байгаа. Маш сайн мэдэж байгаа шүү. Харамсалтай нь Засгийн газраас өргөн мэдүүлээд хэлэлцээгүй орхисон олон асуудлын нэг нь энэ. Магадгүй АН-ын гишүүд ч эндээс санаа авсан байхыг үгүйсгэхгүй. "Эх орны хишиг" сан гэдэг нь юу байх вэ, яаж бүрдэх юм, иргэддээ түүнийг яаж хуваарилах юм гэдэг асуудлыг хуульчлах ёстой гэж үзэж байгаа. Зүгээр хэн нэг даргын хэлснээр болох шүү дээ. Энэ бол маш тодорхой хэдэн угтвар нөхцлүүдийг бүрдүүлэх ёстой юм байгаа юм. Жишээлбэл, иргэн бүрт тэгш шударгаар хуваарилна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр төр бол иргэн бүрээ бүртгэж авах ёстой. Өнөөдөр бүртгэл боловсронгуй болоогүй байгаа асуудлын нэг. Тийм учраас Засгийн газраас бас нэгэн асуудал оруулсан. Тэр нь бүртгэлийн нэгдсэн тогтолцоогоо бий болгоё гэсэн асуудал. Энэ чинь миний нөгөө чуулган дээр хэлсэн 5 төгөлдөршлийн 4 дэх төгөлдөршил нь. Монголчууд малаа бүртгээд байдаг, хүнээ бүртгэж чаддаггүй. Үүнийг төгөлдөршүүлье. Үүнийгээ боловсронгуй болгоё. Маш шахуу хугацаанд шахуу хийе. Болж өгвөл нэг, хоёр жилийн дотор багтаагаад дуусгачихья. Энд иргэдийгээ идэвхтэй оролцуулахын тулд өөрийнхөө тухай хаягын бүртгэлээс авахуулаад өмчийн бүртгэл, орлогын бүртгэл, газар өмчлөлийн бүртгэл, эрүүл мэндийн бүртэл, нийгмийн халамжийн бүртгэл гээд маш олон бүртгэлүүдийг нь цэгцэлж нэгдсэн ойлголттой больё. Өнөөдөр манайд энэ бүртгэлүүд хийгддэг, гэхдээ нэгдсэн тогтолцоо болж чадаагүй байгаа.Эхлээд ийм нэгдсэн тогтолцоотой болж байж "Эх орны хишиг"-ээс шударгаар тэгш хуваарилах бололцоотой. Тэгэхгүй бол зарим хэсэгт нь хуваарилаад, зарим хэсэгт нь хуваарилахгүй үлдээх юм бол энэ шударга болохгүй. Эсвэл давхардуулж хуваарилах юм бол бас болохгүй шүү дээ. Өнөөдөр давхардсан бүртгэл зөндөө байгаа. Одоо сонгууль болох гэж байна. Энэ ажлыг болж өгвөл нэг, хоёр жилд багтаах гэдэг үүднээс Засгийн газраас оруулсан саналд бол энэ бүртгэлийн нэгдсэн тогтолцоог шуурхай бий болгоё, үүнд иргэдээ идэвхтэй оролцуулах үүднээс урамшуулал олгоё. 50 мянган төгрөгийн урамшуулал олгоё. Энэ нь "Эх орны хишиг" сантай шууд холбоотой биш санагдаж болно. Гэхдээ огт холбоогүй гэж хэлж бас болохгүй. Бүртгэлийг нь бий болгочихсон юм чинь тэгш шударгаар хуваарилах үндсэн суурь болоцоог нь хангаж байгаа юм. Үүнд хэд хэдэн суурь бололцоо байгаа. Ашигт малтмалын хуулиа баталж байж гэрээ байгуулах ёстой, гэрээ байгуулсны дараа тэнд ажил эхэлнэ, ажил эхэлсний дараа ашиг бий болно нэг талаас. Бий болсон баялаг, хөрөнгөө иргэддээ хуваарилахын тулд болосронгуй, үнэн зөв бүртгэлтэй болсон байх ёстой юм. Түүнийг урамшуулахын тулд иргэн бүрт 50 мянган төгрөг олгоё. Иргэн хүн чинь тэнд очоод бүртгүүлчих сонирхолтой байх ёстой шүү дээ. Ийм саналыг Засгийн газраас бас УИХ-д өнгөрсөн 2 дугаар сарын сүүлээр өргөн мэдүүлсэн. Бас л элдэв шалтаг хэлээд хэлэлцээгүй шүү дээ.

Парламентийн сэтгүүлчид "Эх орны хишиг" -ийн хуулийн төслийг өргөн барьж байх үед ярьж байсан л даа. Нэг хүнд 50 мянган төгрөг өгнө гэж байна, тийм хуулийн төсөл орж ирлээ гэж. Яг тухай үед 2 сая гаруй хүнийн өмнө, ард түмэн ч гэсэн 50 мянган төгрөг өгөхнээ гэж бодож хүлээсэн байх. Гэвч одоо үнэ ханш өссөөр 1.5 саяд хүрлээ гэсэн дуулиан гараад байгаа.

Энэ хоёрыг хольж ойлгоод байгаа юм. Мэдэхгүй ярьж байгаа хүн байж болох юм. Үнэхээр сайн мэдээд байгаа атлаа мэдэн будилж байгаа хүмүүс ч бас зөндөө байгаа. Энэ 50 мянган төгрөг гэдэг бол "Эх орны хишиг" сангаас бий болгосон баялгаас нь хуваарилж байгаа зүйл биш. Баялаг бий болоогүй байна шүү дээ. Хууль нь батлагдаагүй, гэрээ нь байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байхад ашиг нь гэж гарч ирээгүй байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл хүртээх хишиг нь бүрэлдээгүй байна гэсэн үг л дээ. Үүнийг бүрдэнэ гэж бид ойлгож байгаа. Үүний төлөө зүтгэнэ. Сонгуулийн дараа энэ хуулийг заавал батлана. Гэхдээ 50 мянган төгрөг гэдэг бол "Эх орны хишиг" сантай шууд холбоотой зүйл бишээ. "Эх орны хишиг" санг шударгаар хуваарилах үндсэн суурь нөхцөл болох бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоход шаардлагатай иргэдээ урамшуулах мөнгө юм л даа. Үүнийг Засгийн газраас нилээд тайлбарлаж ярьсан. Үүнийг бушуухан хэлэлцэж өгөөчээ, болж өгвөл энэ сонгуультай хольж хутгаад яах вэ. Энэ нь нэг далайлтаар хийж болдоггүй ажил. Ийм ажлыг олон улс орон хийсэн. Хамгийн сайн хийсэн бидний ойрын жишээ гэх юм бол БНСУ. БНСУ-ийн хөгжлийн нууц бол бүртгэлийн нэгдсэн тогтолцоондоо бас байгаа юм. Төр нь иргэнээ мэддэг. Иргэн өөрийнхөө өмчийг, нуугдмал өмч гээд байна шүү дээ жишээ нь малчид малаа, иргэд эзэмшиж байгаа газраа, орон сууцаа, эдийн засгийн эргэлтэнд оруулахад нь нээж өгч байгаа. Эдийн засгийг илүү нээлттэй, чөлөөтэй, зах зээлийн горим журмаар нь, бичигдсэн бичигдээгүй хуулиар нь хөгжүүлэх суурь нөхцлийг нь бүрдүүлж өгдөг ийм зүйл юм л даа. Тэр урамшууллын 50 мянган төгрөгийн яг өнөөдөр "Эх орны хишиг" сангийн 1.5 саятай бол хольж хутгах шаардлага байхгүй. Энэ бол 2 өөр зүйл юм. Огт холбоогүй биш. Гэхдээ 50 мянган төгрөг гэдэг бол бүртгэлийн нэгдсэн тогтолцооны урамшуулал юм. Яг энэ хэлбэрээрээ бид нар төсөл санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. УИХ-ын эрхэм гишүүд энэ талаар, улмаар АН-ын зөвлөлийн гишүүд маш сайн мэдэж байгаа. Мэдэн будилаад л байх шиг байна л даа.

УИХ-ын сонгуульд 2 том намын дунд тулаан болж байнаа гэж хүмүүс их ярьж байгаа юм. МАХН -ын даргатай бас ярилцаж байгаа гэдэг үүднээс сонгуультай холбоотой өөр зүйл асуумаар байнаа. Та МАХН-ын олон сонгуульд менежерээр нь ажиллаж байсныг би санаж байна. Өнөөдөр томсгосон тойргоор сонгууль явж байгаа. Энэ сонгуулийг ийм байдлаар явуулахыг та хүсээгүй байснаа ч 5 сарын өмнө хэлж байсан. Гэхдээ одоо сонгуулийн ажил эхлээд 10 гаруй хоночихлоо. Сонгуулийг та хир бохир, шударга биш болж байна гэж бодож байна. Ер нь өнгө аясыг нь мэдэрч байгаагийн хувьд.

Би сонгуулийн ажлаа эхлээд 10 хонож байна. Зарим нь 2,3 жил болчихсон. Зарим нь 10 гаруй сарын өмнөөс сонгуулийн ажлаа эхэлсэн байна. Энэ нь бол нөгөө шударга сонгууль явах суурь нөхцөл бүрэлдээгүйн нэг тод жишээ. Би үнэхээр сонгуулийнхаа ажлыг 10 өдрийн өмнө эхэлсэн. Нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авснаас хойш л тухайн тойрог дээрээ өөрийнхөө ажлыг эхэлсэн. Сонгууль бол ер нь нилээн заваан бохир болж байна гэдэг тухай хөдөө орон нутагт ч хийсэн уулзалтан дээр, Улаанбаатар хотод ч хийсэн уулзалтан дээр маш их гомдол хэлж, хүмүүс их дургүйцэж байна. Үнэхээр дургүйцэж байна. Тэгээд үүнийг өөрчилье, арай шударга болгоё, мөнгөний нөлөөллөөс багсгая, мөнгөний нөлөөлөл гэдгийг бол иргэд олон түмэн маш сайн ойлгосон байнаа. Монголчууд бие биендээ мөнгө, төгрөг өгөөд хэн нэгний саналыг татах гэдэг бол муу л даа. Гэхдээ энд нэг асуудал байна. Энэ бол бидний дотроо л байгаа асуудал. Гэтэл энэ мөнгийг гаднын хүчин Монголын төрийн бодлогыг тодорхойлдог болох, түүнд нөлөөлдөг болох тийм арга хэрэгсэл болгож ашиглавал энэ Монгол Улс, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, бие даасан байдалд шууд хор нөлөөтэй зүйл шүү дээ. Үүнээс л их болгоомжилж байх хэрэгтэй. Ер нь намууд их ярьдаг байсан л даа. Яг энэ "Эх орны хишиг" санг 10-аад жил ярьсан шиг. Сонгуулийн тогтолцоо маань нэг л биш дээ. Илүү шударга, мөнгөний нөлөөллөөс бага болгоё гэж 10-аад жил ярьсан. Бас л гараа барьсан. За яг энийгээ батлая гэсэн. Эцсийн дүндээ гацаагаад л энэ сонгуулийн хуулиараа явуулж байна л даа. Энэ хууль бол байгаа цорын ганц сайн хувилбар биш. Гэхдээ хууль бол хууль. Нэгэнт ийм л хуулиар хийх ёстой юм чинь заавал хууль нь ийм юм гээд заваарч байх ёсгүй. Энд бол бүх шатны төр захиргааны байгууллага хуулийн дагуу хяналтаа тавьж, хуулийн дагуу арга хэмжээгээ авах ёстой. Хоёрт бол хэн мөнгө тараагаад байгаа юм бэ, хэн завааруулаад байгаа юм бэ, хэн хар бор сурталчилгаа хийгээд байгаа юм бэ гэдэгт иргэд өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлтийг өгөх ёстой. Гүтгэлэг гүжирдлэг бол улайрч эхэлж байна шүү дээ. Миний тэр хэлдэг Ерөнхий сайд маань Орос руу гараад оргосон байна гээд л. Энэ бол сонгуулийг угтсан нөгөө л хар бор сурталчилгаа л даа. Үүнийг бол би нэг их тоодоггүй. Гэхдээ иргэд сонгогчид бол асар их дургүйцэж байна лээ. Ийм заваан байдлаар бол сүүлчийн сонгууль болоосой л гэж чин сэтгэлээсээ хүсэж, ерөөж, залбирч байна.

Яг одоо иргэд нэг ийм хошин юм ярьдаг болжээ. Телевизээр нэг гайгүй л костюмтай хүн гараад ирэхээр ямар нэр дэвшигч нь вэ гэж бүр эмээдэг болж. Гудамжаар явахаар эргэн тойрон сонгуулийн сурталчилгаа. Энэ нь сонгуульд тэрбум, тэрбум төгрөг хаяж байгааг шууд мэдрүүлж байна гэж ярьж байгаа. Ер нь намуудын хаяж байгаа мөнгөний тоо яг одоогийн байдлаар урьдчилаад багаар тооцоход 200-300 тэрбум төгрөг гарчихаад байнаа. Миний санаж байгаагаар Монгол Улсын хамгийн хүнд үед тийм байсан шиг бодогдож байгаа. Сонгуулийн сурталчилгаа дуусах арай болоогүй байна. Үүнийг намуудын дарга нар суугаад мөнгийг үрэхийн оронд зөв зүйл рүү зарцуулах талаар нэг ширээний ард суух бололцоо байхгүй юу?

Би бололцоо байгаасай билээ гэж хүсэж байгаа. Өнөөдрийн энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бололцоогоо ашиглаад сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудад, удирдлагуудад нь хандаж нэг зүйлийг хэлмээр байнаа. Ер нь бол бид нэр нүүрээ бармааргүй байна. Сонгуулиа хэдийгээр ийм хуультай ч гэсэн шударгаар явуулах мөнгөний нөлөө багатайгаа явуулах бололцоог цөмөөрөө эрж хайвал яасан юм бэ? Би давын өмнө АН-ын дарга Ц.Элбэгдорж танд хандаж энийг хэлж байна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжлэнэ шүү дээ. Сонгуулийн дараа нар мандана. Сонгуулийн дараа наадам болно. Энэ ард иргэдтэйгээ эргээд уулзах нэр нүүрээ л бодож сонгуулиа зөв шударгаар хийх ёстой байна. Би улстөрийн намуудын дарга нарт уриалж байна. Сэтгүүлч Дагиймаагийн хэлж байгаа энэ санал бол зөвхөн ганц хүний санал ч биш байх. Иргэд сонгогчдын маань санал байх. Ер нь бол шударга бусаар олж авсан мөнгө ч бай, эрх мэдэл ч бай, тэр хүнээ ч, тэр нийгмээ ч жаргаадаггүй гэдгийг та бид бүгдээрээ сайн ухаармаар байгаа юм. Би өрсөлдөгчтэйгээ уулзахад бэлэн байна. Ц.Элбэгдорж даргатай телевизээр иргэд сонгогчдоос тавиад байгаа асуултад 2-уулаа нэг нүүр нүүрээ харж байгаад бодсон санаснаа, намынхаа бодлогын талаар шууд яривал яасан юм бэ гэсэн уриалгыг дэвшүүлж байна.

Та бол бас нэр дэвшигч. Бид 2 намын дарга, Ерөнхий сайд гээд ярьчихлаа. Таны сурталчилгаа эхлээд 10 гаруй хонолоо. Би түрүүн төрийн ордонд орж ирэхдээ бодлоо. Төрийн ордон эль хуль, бүгдээрээ энэ ордон руу эргэж орж ирэхийн төлөө зургаа наагаад, сурталчилгаагаа хийгээд явж байна. Таны өрөөнд тантай уулзаад сууж байна. Та сурталчилгаагаа ер нь хийх бололцоо хэр байна. Ер нь хараад байхад Ерөнхий сайдын хувьд хөдөө орон нутгийн олон томилолттой байх шиг байна.

Би хийж байгаа. Би сая энэ ярилцлагад орохоосоо өмнө Сүхбаатар дүүргийн хэд хэдэн ахмадуудын гэрээр орлоо. Өчигдөр бол ганц нэг хороон дээр иргэдтэй гадаа гудамд задгай уулзлаа. Хүүхдийн урлан бүтээх төвд Сүхбаатар дүүргийн 6-р хорооны иргэдтэй уулзлаа. Амжуулж л явна. Тэгэхдээ би намын дарга учраас зөвхөн өөрийнхөө дэвшсэн тойрог дээр л суугаад байж болохгүй л дээ. Тийм учраас хөдөө орон нутгаар явж манай намаас нэр дэвшүүлсэн бусад гишүүдийгээ дэмжиж намын бодлогоо, юу бодож, юу хүсэж, санаж, юунд зорьж яваа тухайгаа нүүр тулж иргэдтэйгээ ярих ёстой. Энэ бол миний үүрэг. Энэ бол миний хариуцлагын асуудал. Нөгөөтэйгүүр би Монгол Улсын Ерөнхий сайд. Ерөнхий сайдын ажил 24 цаг үргэлжлэх ёстой. Өчигдөр бид Засгийн газрын хуралдаанаа хийлээ. Шийдэх ёстой асуудлууд зөндөө байна. Засгийн газар бол тасралтгүй ажиллаж байна. Сайд нарын ихэнх нь нэр дэвшсэн явж байгаа учраас нэр дэвших эрхийг нь хүндэтгээд би тойрог дээр нь ажиллах бололцоог олгож байгаа. Гэхдээ лхагва гараг бүр Засгийн газар хурлаа хийнэ. Шийдэх ёстой асуудлаа шийднэ, яам тамгын газар ямар нэгэн байдлаар ажлаа цалгардуулахгүй ажиллаачээ, ажиллах ёстой шүү гэдэг шаардлагыг тавьж ажиллаж байгаа.

Гол нь ард түмний сонголт гэдэг л зүйл үлдэж байна. Бид олон намын олон асуудлыг ярьж байгаа шүү дээ. Энэ удаа ард түмнийг АН зөв сонголт хийгээсэй гэж хүсэж байгаагаа зөв бодлого гэж ярьж байгаа. Ард түмний сонголтыг та ер нь...

Энэ чинь Монголд болж байгаа шударга, ардчилсан 6 дахь сонгууль юм шүү дээ. Монголын ард түмэн, монголын иргэд сонгуульд оролцоод өөрийн дадал, туршлагатай болсон. Нэлээд хэрсүүжсэн шүү дээ. Тийм учраас би элдэв хөөс бол алга болноо гэж бодож байна. Энэ гүтгэлэг, элдэв дайралт, зогсоо зайгүй амандаа орсныг ярьдаг амлалтууд энэ бүхэн бол хөөс мэт арилна. Сонгогчид энэ дотроос зөв сонголтоо хийж чадна гэж бодож байна. Үүнд огт эргэлзэхгүй байна. Зөв бодлого гэдэг ч юм уу, энэ бол буруу зөвийн нэг л үнэлгээ. Амлаж байгаа зүйл зөв буруугаасаа гадна тооцоо үндэслэлтэй байх ёстой. Хэрэгжих боломж бололцоотой байх ёстой. Тэрнийг нь бол дэвшүүлж байгаа нам нь бүрэн хариуцах чадвартай байх ёстой. МАХН бол туршлагаараа ч гэх юм уу, боловсон хүчний нөөц бололцоогоороо ч гэх юм уу, сонгуульд олонхи болох хамгийн өндөр магадлалтай гэдгээрээ ч юм уу, хариуцлагагүй зүйл хэлж худал амлаж, хоосон зүйл ярих ямар ч эрх байхгүй. Тийм учраас сонгууль болдгоороо болно. Сонгуулийн дүн яаж гарахыг сонгогч ард түмэн л мэднэ шүү дээ. Дахин хэлэхэд сонгуулийн дараа амьдрал үргэлжлэх учраас Монголд өнөөдрийн нөхцөл байдал, нээгдэж байгаа сайхан боломж бололцоогоо улстөрийн намууд үг хэлээ олоод, ашиглаад явах нь Монголын ирээдүйд, монголын эрх ашигт, монголын ард түмэн, иргэд сонгогчдын эрх ашигт бүрэн дүүрэн нийцнээ гэсэн ийм бодолтой, итгэлтэй байнаа.

Цаг зав гаргаж хүлээн авч уулзсанд баярлалаа.

"Атрын 3 дахь аян" үндэсний хөтөлбөрийн нээлтэд хэлсэн үг

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР
"АТРЫН З ДАХЬ АЯН"-ТАРИАЛАН ХӨГЖҮҮЛЭХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ ХЭЛСЭН ҮГ

2008 оны 04 дүгээр сарын  25-ны өдөр

            Эрхэм нөхөд өө,

            Тариаланчид аа!

            Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

 

            Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ "Атрын З дахь аян"-ыг өрнүүлэх тухай асуудал хөндөж тавьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү санааг маань олон нийт тал бүрээс нь дүгнэн цэгнэж янз бүрээр ярьж бичиж ирснийг Та бүхэн мэдэж байгаа. Энд хуран цугларсан Та бүгд ч гэсэн энэхүү асуудалд хамгийн идэвхтэй байр сууринаас хандаж байсан хэсэг мөн гэдэгт огт эргэлзэхгүй байна.

            Өнгөрсөн энэ хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын талбай, техник, үр, бордоо гербицид, хүн хүчний асуудал, төрөөс дотаци дэмжлэг үзүүлэх бодлого зэрэг олон асуудлыг мэргэжлийн байгууллагууд судлан "Атрын З дахь аян"-тариалан хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газраар батлууллаа. Ихээхэн шахуу хугацаанд энэ хөтөлбөрийг боловсруулах хэрэгцээ шаардлага байсан. Хаврын тариалалт хаяанд ирж байгаа энэ өдрүүдэд нэг ч хоног алдахгүйгээр хөтөлбөр хэрэгжүүлэх ажлаа эхлэх, эхний үр дүнг нь энэ намар харчих бодол санаа хаана хаанаа байна. Нөгөө талаас ирэх онд Монгол Улсад Атар эзэмшсэний 5О жилийн ой болох гэж байгаа учраас энэ ойг бид хамтдаа хийсэн бүтээсэн ажилтай угтах ёстой.

            Монгол Улс 1959 болон 1976 онд атар газар эзэмших аянг 2 удаа амжилттай зохион байгуулсны үр дүнд улсын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэлийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 сая га-д хүрч үр тариа, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, түүгээр ч зогсохгүй экспортлож байсан бол өнөөдрийн байдлаар дээрх талбайн дөнгөж ЗО хувьд нь үйлдвэрлэл эрхэлж, хэрэгцээт буудайнхаа 25 хүрэхгүй хувь, хүнсний ногооны 47.0 хувь, төмсний 86 хувийг л тус тус хангаж байна.

            Та бүхэн дэлхий дахинд үр тариа, хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн асуудал сүүлийн саруудад ямар чухал, тулгамдсан асуудал болж байгаа талаар хэвлэл мэдээллээс үзэж сонсож байгаа бизээ.

            Хүнсний хангамж, нийлүүлэлт, үнийн асуудал нэг улсын, нэг бүс нутгийн хүрээнээс аль хэдийн халин гарч нийт дэлий дахины тулгамдсан асуудал болсныг Дэлхийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага, Олон улсын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагуудаас гаргасан мэдэгдэл, судалгаануудад олонтоо дурьдах болов.

            Хүнсний энэхүү хямралт байдлаас болж дэлхий нийтээр ядуурлыг бууруулах талаар тавьж буй зорилтын хэрэгжилт  ч эргэлзээтэй болж, дэлхий даяар 100.0 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэж дэлхийн буурай хөгжилтэй 37 улс оронд хүнсний хомсдол үүссэн  тухай мэдээллийг дээрх олон улсын байгууллагуудаас гаргасан байна. Үр тарианы хомсдолт байдлын улмаас үр тариа экспортлогч зарим улс орон экспортоо хориглох буюу хязгаарлах арга хэмжээ ч мөн авч эхэллээ.

            Дэлхийн зах зээлд гарч байгаа ийм таагүй орчин, нөхцөл байдалд Монгол Улсын эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуйн салбарт учирч болох сөрөг нөлөөллийг бууруулах, Монгол Улсын Хүнсний тухай хуульд заасан хүнсний хүрэлцээ, хангамжийг доголдуулахгүй байх цорын ганц, үр дүнтэй арга зам нь газар тариалангаа сэргээн хөгжүүлэх, хураан авах ургацын хэмжээг эрс нэмэгдүүлэх явдал болох нь тодорхой байна.

            Тийм ч учраас манай Засгийн газар тариалангийн үйлдвэрлэлд дорвитойхон хөрөнгө оруулалт хийх замаар богино хугацаанд энэ салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд  ингэснээр хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулж, нийт хүн амын хүнсний хангамжийг сайжруулж, өрхийн орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэж тооцоолсон юм.

            Энэхүү хөтөлбөрийн зорилт нь газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн эрчимжүүлэх замаар тогтвортой хөгжүүлж, хүн амыг эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангаж, импортын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдлыг арилгахад чиглэгдэж байна.

            Хөтөлбөрийг урт удаан хугацаанд биш аль болох богино хугацаанд, тухайлбал 2008-2010 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хугацаанд 230 мянган га өнжөөсөн буюу атаршсан талбайг үйлдвэрлэлийн эргэлтэнд буцаан оруулж, улмаар улсын хэмжээний тариалангийн нийт эргэлтийн талбайг 600 мянган га-д, үүнээс усалгаатай талбайн хэмжээг 54.2 мянга га-д хүргэх зорилт дэвшүүлж байгаа юм. Энэ хөтөлбөр өмнөх хоёр удаагийн "Атрын аян"-аас орчин нөхцлийн хувьд ч, хэрэгжүүлэх арга барилын хувьд ч эрс ялгаатай байгаа.Атар шинээр хагалах, хөрөнгө хүч, техникээр түрээ барьж байгаль экологид хохирол учруулсан өмнөх атрын аянуудын дүр зургийг 21 дүгээр зуунд бид хэрхэвч давтах ёсгүй. Харин байгаль экологид сөрөг нөлөөлөлгүй техник, технологийн эрчимжүүлэлтийг илүүд үзэх ёстой. Энэхүү хөтөлбөрт хүний хүчин зүйлийн хувьд тариаланчдаа сургаж дадлагажуулах, сайн агрономич инженер техникийн ажилтнууд бэлтгэх, газрын хувьд бүртгэл тооцоогоо нарийвчлан хийх, байгальд ээлтэй шинэ технологи мөрдөж үржил шимийг нь сайжруулах, техникийн хувьд хуучнаа засаж сэлбэх, шинэ техник гадаадаас оруулан нэвтрүүлэх гэх мэт асуудлуудыг тусгасан. Техник шинэчлэлийн хувьд аж ахуйнуудын эрэлт, технологийн шаардлагад нийцсэн зардал багатай бүтээмж өндөртэй, орчин үеийн техникээр тариаланчдаа хангах, үнэ өртөг, төлбөрийн нөхцлийн хувьд хямд, урт хугацаатай зээл, лизингээр олгох бодлого барьж байна.

            Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багагүй хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа. Хөрөнгийн зохих хэсгийг улсын төсвөөс буюу зээл, тусламжийн хөрөнгөөс гаргах тооцоо судалгааг хийсэн. Аж ахуйн нэгж, иргэдийн өөрийн хөрөнгийн эх үүсвэр, идэвх санаачлага ч мөн ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна.

Хэдэн зуун жил газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн ард түмнүүдийн туршлагыг харж байхад газар тариалангийн үйлдвэрлэлд төрийн дотаци дэмжлэг онц чухал юм билээ. Тийм учраас бид Тариалангийн хуулинд үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс урамшуулал олгох, хөтөлбөр хэрэгжих хугацаанд импортоор орж ирэх трактор комбайн, бусад машин механизмыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, тариалангийн даатгалын тодорхой хувийн хураамжийг төр хариуцах хуулийн төслүүд боловсруулж байгаа.

            Засгийн газар энэ хөтөлбөрийг хөрөнгө санхүүгийн хувьд аль болох дэмжиж, шаардлагатай эх үүсвэрүүдийг УИХ-тай хамтран шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

            Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2010 он гэхэд улаанбуудай, төмс, гол нэрийн хүнсний ногоогоо 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болсон байна. Мөн жил бүр буудай, төмс, хүнсний ногооны импортонд зарцуулж буй 60-80 тэрбум төгрөгийн гадагшаа чиглэсэн хөрөнгийн урсгалыг зогсоож дотоодын үйлдвэрлэлдээ зарцууулах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь бид гурил, төмс, хүнсний ногоогоор өөрийгөө бүрэн хангаж, хэнээс ч гуйхгүй байх сайхан боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна.

            Эцэст нь тэмдэглэхэд бид анх удаа Монгол Улсдаа тариа тариалах гэж байгаа юм биш ээ, атрын анхны аянаас хойш бараг 5О жил, зах зээлийн эдийн засгийн шинэ нөхцөлд тариалалт явуулж эхэлснээс хойш 1О гаруй жил өнгөрч байна. Гэтэл жил бүрийн хавар тариалалтын бүх ажлыг цоо шинээр эхэлж байгаа мэт тэвдэн сандарч түүнд шаардагдах бүхий л орц, хөрөнгийн асуудлыг төр засгаас нэхэх үзэгдэл давтагдаж байгаа нь харамсалтай. Энэ нь тус салбарын удирдлагын тогтолцоо өнөөг хүртэл зах зээлийн харилцаанд бүрэн тохирсон хэмжээнд төлөвшөөгүйн илрэл мөн байж мэдэх юм. Иймд тариаланчид маань энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зах зээлийн өрсөлдөөнт орчин нөхцөлд бүрэн тохирохуйц шинэ арга барил, шинэ технологи, шинэ менежмент ашиглах ёстой.

            Атрын шинэ аяныг амжилттай хэрэгжүүлж, тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд юуны өмнө хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтыг орчин үеийн хамгийн сайн удирдлага менежментийн тогтолцоогоор хангаж ажиллах шаардлагатай. Зохион байгуулалт муу, оновчтой зөв стратеги тактикгүй, асуудалд урсгалаар хандвал бид зорилтоо шийдвэрлэж чадахгүй. Тариаланч Та бүхэн ч, аж ахуйн нэгж бүрийн удирдлага ч  дор бүрдээ үүнд дүгнэлт хийж ажиллах ёстой.

            Манай үе үеийн тариаланчид, механикжуулагчид, мэргэжилтнүүд Та бүхний арвин их туршлага, хөдөлмөрч бүтээлч чанарт би маш их итгэж байгаа шүү.

            Газар тариалангийн үйлдвэрлэлээ өөд нь татаж, хүн ардаа аюулгүй баталгаат хүнсээр хангах ариун үйлсийн төлөө гар сэтгэл нийлэн шамдан ажиллахыг Та бүхэнд уриалж байна.

            Анхаарал тавьсанд баярлалаа.

МУ-ын Ерөнхий сайд С.Баярын УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлсэн үг

2007.12.13

Улсын Их Хурлын эрхэм дарга аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ !

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шинэ Засгийн газрын гишүүдийг томилж, бүрэлдэхүүн бүрэн ажиллах боломжийг олгож өгсөнд талархаж байна. Ирэх сонгууль болтол Засгийн газарт цаг хугацаатай уралдан ажиллах шаардлага тулгарлаа. Бид олон зүйл хийж амжихгүй, тийм бололцоо ч байхгүйг хэн хүнгүй ойлгож байна. Гэвч түүхэн цаг үе, Монгол Улсын ирээдүй, үндэсний эрх ашиг биднийг дараах таван алхам даруй хийхийг шаардаж байгаа юм.
Би урьд өмнө огт дуулдаагүй, цоо шинэ алхам санал болгох гээгүй байна. Харин нэгэнт хийгдсэн буюу эхэлсэн боловч дутуу дулимаг болсон, эсвэл эхлүүлж зориглоогүй, яг одоо хийхгүй бол нэгэнт оройтох, Монгол орны ирээдүйг тодорхойлох учиртай энэ хэдэн алхмыг хамтарч хийхийг уриалж байна. Тэдгээр нь Монгол орныхоо ирээдүйг тодорхойлох санаа сэдэл, түүгээр улбаалсан үйл хэргийг төгөлдөршүүлэх зарчмын санал гэж би ойлгож байна. Дашрамд хэлэхэд, өдгөө дэлхий дахинаа өргөн хэрэглэх болсон "инноваци" гэдэг үгийг эрдэмтэн мэргэдтэй зөвлөлдсөний үндсэн дээр монголоор буулгахдаа "байсан ямар нэгэн зүйлийг шинэ сэдлээр төгөлдөршүүлэх" гэсэн утгаар ойлгож, "төгөлдөршил" гэсэн нэр томъёо хэрэглэв.


Нэг. Сонгуулийн тогтолцооны төгөлдөршил
Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхөж байна. Зургаан сарын дараа намууд хийж бүтээснээ ард түмнээрээ дүгнүүлнэ. Шалгалтад тэнцсэн нь засгийн эрхийг авна. Бүдэрсэн нь засаг төрөө хянаж, дараагийн сонгуульд бэлдэнэ. Энэ бүхэн байдаг л зүйл.
Үүнийг үл өгүүлэн өнгөрч буй бүрэн эрхийн энэ хугацаанд УИХ-ыг бүрдүүлж буй улс төрийн намуудын үйл ажиллагаа, хариуцлагатай холбоотой урган гарч буй зарчмын хэд хэдэн асуудлыг хөндөхийг хүсэж байна. Монголын засаг төрийн механизмын гол болон туслах хүрдийг 2004 оны сонгуулиас хойш хэн хэн барин залж байв аа? Засгийн газруудын үйл ажиллагааны сайн, муу үр дүнг хэн хариуцах вэ? Сайн нь хэнд оногдож, муу нь хэнд тохогдох бол? УИХ-ын нийт суудлын талыг авсан МАХН-д уу, гуравны нэгийг авсан Ардчилсан намд уу? Эсвэл 1-4 суудалтай БНН, "Эх орон", ИЗН-д уу? Аль эсвэл сонгуулийн дараа парламент дотор бүрэлдсэн ҮШН-д, эсвэл АТН-д уу? Хэнийг гэж энд нэрлэх ёстой вэ?
Үнэндээ бол эхний Засгийн газрыг тэргүүлсэн Ардчилсан нам, сүүлийн хоёр Засгийн газрыг тэргүүлсэн МАХН, тэдгээрийн Засгийн газарт орж байсан бүх намуудтай оролцсон хүрээ чиглэлээр нь, хийсэн ажлын хэр хэмжээгээр нь ард түмэн хариуцлага тооцох учиртай. Хэн зөвшөөрөл өгснөөс нь шалтгаалж, тараасан лицензийг аль нь компанидаа авснаас хамаарч, тендерээс ямар нь ашиг олсныг нь тооцож, онгоцыг чухам хэний, ямар заавраар хөөргөснийг нь тогтоож, хариуцлагыг энэ бүх намуудтай л оролцоо оролцоогоор нь шударгаар тооцох ёстой, уг нь.
Гэтэл манай өнөөгийн энэ тогтолцоонд хэн, ямар хэмжээнд, яаж хариуцлага хүлээх нь нэн бүдэг, тодорхойгүй байна. Нэг суудал алдвал үхлийн ялагдалд ордог нам байхад, ганц суудал аваад үнэмлэхүй ялалтын туг барьж, засгийн эрх барилцдаг нам байсаар байгааг бид бэлхнээ харж байгаа. Хүссэнээ авах гэдэг "ганц"-ууд, хүлээсэнд баригдсан олонх гэсэн хариуцлагын хэмжээ нь хашраах ташуур болдог энэ тогтоц эрүүл үү?
Эмгэгтэй гэмээр энэ тогтцоос болж эцсийн дүндээ улс төрийн намууд гэхээсээ улс эх орны эрх ашиг хамгийн их хохирч байгаа юм. Аль ч намыг хүчгүй болгодог, хүчтэйн гараас жолоог нь булаадаг, хүлээстэй гарт цулбуур атгуулдаг гажиг үзэгдэл манай сонгуулийн системд байна.
Сонгуулийн тогтолцоог шинэтгэн төгөлдөршүүлэх, хариуцлагын механизмыг тодорхой болгох эхний шаардлага чухам эндээс гарч байна.
Түүний дээр ардчилсан, ил тод, шударга гэгдэж буй сонгууль маань өнөөдөр сонгогчдыг худалдан авах, архидуулах улайм цайм луйвар боллоо. Бурууг бусад руугаа чихэн бие биеэ өмгөөлөвч, бүгдээрээ л энд оролцож, хийлцэж байна. Хэн нь түрүүлж, хэн нь сүүлдэж мөнгө, бэлэг хэдийг тараадгийн ялгаа л байхаас, өгдөг өгдөггүйн ялгаа гарахаа байсныг бид нүдээрээ харж байна. Хэн нь нэр дэвшиж яваа улстөрч, хэн нь найр хэсч яваа уяач болохыг төрсөн эх нь ч танихын аргагүй үзэгдэл ялангуяа орон нутагт ил харагдах боллоо. Зургаан сарын дараа сонгуулийн кампанийг нар, сарыг чилээсэн наадам болгохын тулд тараах архи, уралдуулах морь, өмсөх хантаазаа манай, танайгүй зэхэж байгаа, шинээр тодрох өрсөлдөгчид ч хормойгоо бүсэндээ хавчуулчихсан шавдаж яваа гэхэд хилсдэхгүй болов уу.
Өнөөгийн сонгуулийн мажоритар тогтолцоо нь нэр дэвшигчийг хагас намын, хагас бие даасан байдалтай болгосноос энэ гажиг үүсч байна. Нэрээ жагсаалтад бичүүлэх эрхийг намаасаа авах боловч цаашаа өөрөө бүхнийг хариуц гэсэн бичигдээгүй хууль үйлчилдгээс хувийн боломж, нөлөөлөлдөө дулдуйдах, сонгуулиар тусалсан хүмүүсийн ачийг дараа нь заавал хариулах, гаргасан зардлаа ямар нэгэн аргаар нөхөх чиглэлээр зайлшгүй бодох, ажиллах зам руу тэднийг түлхдэгийг бид мэднэ.
Ийм замаар гарч ирсэн УИХ-ын гишүүдийн дунд төр, ард түмний эрх ашгийн төлөө зүтгэгчийн дүртэй ч, үнэн хэрэгтээ хувийнхаа эрх ашгийн тулд төрийн нэр барьж, ёс суртахуунаа золиослогчид байсаар байгаа нь Монголын төрийг гутааж, доройтуулж байна. Гэтэл үүний төлөө хүлээлгэх улс төрийн хариуцлага алга. Зүй нь тийм хүнээ нэр дэвшүүлсэн нам нь эргүүлэн татдаг байвал шударга ёсонд бүрэн нийцэх билээ.
Сонгуулийн хуулийг төгөлдөршүүлэх хоёр дахь шаардлага үүнд оршиж байгаа юм.
Улс үндэснийхээ эрх ашгийг төлөөлөх учиртай ард түмний элч-парламентын гишүүд аймаг, орон нутгийн аж ахуйн асуудлыг хөөцөлдөгч болж хувирлаа. УИХ-ын гишүүд тухайн тойргоос бараа таваар, элдэв зүйл хөөцөлдөн хот орж ирсэн аль нэг байгууллагын аж ахуйн нярваас бараг ялгагдахаа болилоо. Монгол Улсын төрийг жолоодох парламентад 76 хүн суух хэрэгтэй учраас л төдий тооны тойрогт хуваасан маань улс орныхоо эрх ашгийг 76 хэсэглээд, хэсэг бүрийг төлөөлөн хөөцөлдөх нэг нэг хүн тавьчихсан юм шиг төрхтэй болчихлоо. Ийм нөхцөлд парламентын гишүүд өөрийн аймагт хуваарилагдах төсөв, хөрөнгө, "тусламжийн бараа"-г нэмэгдүүлэх, өөр аймагт төлөвлөгдсөн ажлыг булааж, өөрийн тойрог руу шилжүүлэхийн тулд лоббидохоос хэтрэхгүй, үндэсний хэмжээний асуудалд бодитой хандах чадваргүй болж хувирав. Өнөөгийн ийм тогтолцоо нийт улс орны эрх ашгийг жалга судаг руу тараан сульдааж байна.
Сонгуулийн хуулийг төгөлдөршүүлэх гурав дахь шалтгаан энд байна.
Нэг талаас сонгуулийн тойрогт мөнгө, бэлэг цацах уралдаан нь нэр дэвшигчээс асар их хэмжээний санхүүжилт шаардах болсон, нөгөө талаас төрд өөрийн сонирхлоо шургуулах бизнес бүлэглэлийн оролдлого, зарим гадаад орны сонирхлыг илэрхийлсэн хэмжээгүй их мөнгө хоёрын уулзвар нь үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд хор уршиг тарихын ирмэгт бид тулж ирээд байна.
Сонгуулийн системийг төгөлдөршүүлэх дөрөв дэх шаардлага бол энэ.
Бэлэг сэлт, хахууль, санал худалдан авах оролдлогуудаас болж сонгуулийн шударга зарчим алдагдаж, иргэдийн чөлөөт, ухаалаг сонголт хийх боломж хаагдаж байна. "Бусдын юмыг зүгээр авч болдоггүй" дүрмийг жирийн иргэдийн дийлэнх нь зөнгөөрөө дагадаг гэсэн судалгаа байдаг. Ийм гажуудал нийгмийн шударга байдлыг алдагдуулж байна.
Сонгуулийн мажоритар системийг зайлшгүй өөрчлөн төгөлдөршүүлэх тав дахь шалтгаан үүнээс урган гарч байна.
Сонгогчид итгэл үнэмшлээрээ саналаа өгөх боломжгүй, нэр дэвшигчид шударгаар өрсөлдөх нөхцөлгүй, засгийн эрх авсан нь түүнээ хэрэгжүүлэх чадамжгүй байгаа нь сонгуулийн мажоритар энэ тогтолцоо Монголд цаашдаа оршин тогтнох хөрс суурьгүй болсныг бэлхнээ харуулж байна. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийнхаа ерөнхий агуулга, үзэл санаатай яв цав нийцүүлж, парламентын засаглалын хэлбэрийг улам төгөлдөржүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүдийг миний бие бүрэн дэмжиж байна.
Сонгуулийн хуулийг төгөлдөршүүлсний дараа төрийн албыг улс төрийн намын нөлөөнөөс бүрэн ангижруулах бололцоо аяндаа бүрдэж ирнэ. Улс төрийн нам төрийн сонгуульд оролцон, шилдэг боловсон хүчнийг сонгон шалгаруулах менежментийг явуулдаг цөм мөн. Монгол төрийн алба улс төрийн аль нэгэн үзэл бодлоос хөндий байх ёстой гэсэн үндсэн зарчимтай Та бүхэн санал нийлэх байх гэж бодож байна.


Хоёр. Байгалийн баялаг ашиглалтын төгөлдөршил
Байгалийн баялаггүй орны иргэн ядуу, баялагтай орны иргэн баян байх жишиг мартагдаж байна. Олон хүнтэй улс орон том, цөөн иргэнтэй улс жижиг байхаа болилоо. Дэлхий ертөнцийн хөгжлийн шалгуурт гарсан ийм хувиралтай зэрэгцэн Монгол орны хөрсөн дор төсөөлшгүй их эрдэнэс байгаа нь тодорхой боллоо. Төсөөлшгүй их тэр эрдэнэсийн үнэ ч таамаглашгүйгээр өсөх үе бас давхацлаа.
Монголчууд төрт ёсны олон зууны түүхтэй, уламжлалтай. Гэхдээ мал өсгөх туршлагатайгаас бус, капитал үржүүлэх мэдлэг багатай. Төлөө өсгөх аргатай хэрнээ төгрөгөө арвижуулах чадвар хомстой. Төр, улс нь хоёр мянганаар ярих настай ч үндэсний хөрөнгөтнүүдийн төлөвшил хорь хүрэхгүй жилийн түүхтэй. Гэхдээ туршлагагүй ч гэсэн аз, хийморь магнай дээр минь залаастай явдаг монголчууд бидэнд харанхуй бүрэнхий замаар мухар сохор явах тавилан оногдох ёсгүй. Баялагтаа балчирдсан зарим орны гашуун туршлага, сургамж бидэнд яах ёстойг хэлээд өгч байгаа биш үү!
1990-ээд оны эхнээс бид "Алт сандайлсан гуйлгачин" хочийг өхөөрдөх, өрөвдөхийн завсарт өөртөө өгсөн билээ. Дээр нь суугаа хүний сэтгэлгээ гуйлгачин байвал алт сандайлсан ч, хад сандайлсан ч ялгаагүйг бид тэгэхэд хараахан ойлгоогүй байсан. Тэр үед ядуугаа мэдэж байсан ч сандайлсан газрын өчүүхэн нэг хэсэг болох Оюутолгойд 71 тэрбум унци зэс, 31 сая унци алт байгааг төсөөлөөгүй ээ. Бидний сандайлж байгаа төдийгүй гишгэж байгаа газар, малгайгаа тавьсан чулуу хүртэл эрдэнэс байжээ.
Өнгөрсөн жил Монголд айлчилсан ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Фрадковыг дагаж ирсэн нэгэн бизнесмен биднийг "Бухал сахисан нохой" хэмээн хочлоод буцсан. Юмаа өөрөө эдэлж чадахгүй, тэгсэн хэрнээ эдэлж чадах хүнд өгөхгүй, харамлаж хав дарсаар чоно, нохойн хоол болгодог хүнийг өрнө дахинд ингэж хочилдог. Манайхны "Харамласаар харамласаар хар нохойн идэш болгох" гэсэнтэй дүйх үг юм уу даа.
Оюутолгойн орд газарт гадаадын компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийснийг бид мэднэ. Хайгуул хийх нь эрсдэлтэй ажил учраас хөрөнгө мөнгөтэй компанитай төр гэрээ хийж, "Өөрөө унасан хүүхэд уйлахгүй шүү" гэдэг зарчмаар ажиллахаар шийдсэн. Монголд олон арван сая доллараа зарцуулж алдчихаад уйлалгүй босчих болтлоо торнисон үндэсний компани тэр үед байгаагүй болохоор гадаадынханд энэ ажлыг өгсөн. Эхлээд "Би Эйч Пи Биллитон" их хэмжээний мөнгө зарсан ч эрснээ олсонгүй. Уйлахгүй гэсэн амандаа хүрч, гараад явлаа. Харин дараа нь очсон "Айвенхоу майнз"-д инээх ээлж таарсан юм. Ингээд Монгол Улс хүлээсэн үүргийнхээ дагуу оруулах хөрөнгө оруулалтад нь өөрийн баталгаагаа гаргаж, Тогтвортой байдлын гэрээ байгуулах ёстой болов. Гэтэл 2003 он гэхэд байгуулна гэсэн гэрээ бараа сургаас цаашгүй өнөөдрийг хүргэж байна. Гадаадынхан биднийг хэлснээсээ хэрхэн буцаж, бухлаа яаж харамлан архирч, зуун алдаж байгааг харж байна. Бидний жирийн үнэн бол Оюутолгойг дангаараа ашиглаж хүчрэхгүй, гаднын туршлагатай компанийн оролцоогүйгээр шийдэхэд алд байтугай дэлэм дутаж байгаа явдал юм.
Монголын төр засаг, ард олны анхаарлын төвд байгаа өөр нэг баялаг бол 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн бүлэг орд газар. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ цаг тутам өссөөр байгааг дурдахын сацуу энэ ордод 1.8 тэрбум тонн коксжих нүүрс байгааг хэлэхэд үнэ цэн нь барагцаалагдах байх. Энэ ордын түүх Оюутолгойгоос өөр. 1960-аад оноос тэнд хайгуул хийж, Монголын Засгийн газар 40 гаруй жил ямар нэгэн байдлаар хөрөнгөө оруулжээ. Улсын төсвөөр буюу одоогийн ойлголтоор татвар төлөгчдийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрсдэлийг нь монголчууд өөрснөө хариуцаад хайгуул хийчихсэн орд газар. Монгол Улс уг ордыг хамтран ашиглах саналыг бүр социализмын үед ч маш олон оронд тавьж байсан билээ. Тухайн үедээ тээврийн асуудал, тэр үеийн нүүрсний үнэ энэ тэрээс болоод хэн ч тоосонгүй.
Зах зээлд шилжсэний дараагаар лицензийг нь авсан "Би Эйч Пи Биллитон" компани ашиг орлого олохгүй нь гэж үзээд лицензээ буцааж байжээ. Харин уг ордын гол лицензийг манай үндэсний хэд хэдэн компаниудаас бүрдсэн консорциум аваад найдвартай хадгалсан төдийгүй, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулсаар иржээ. Ард түмний баялгийг алдаж асгалгүй, үрэн таран болголгүй, харийнханд ашигтай, улсдаа гарзтай байдлаар зарж үрэлгүй хадгалж ирсэн үндэсний компаниуд, "Энержи ресурс" консорциумынханд Монголын төр ч, ард түмэн ч талархах нь зүй ёсны хэрэг юм.

(Нийт: 27)