Лхагвасүрэн гуайн ярилцлагыг уншаад энэ блогийг хөтлөхөөр шийдлээ. Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болж Засгийн газрыг тэргүүлэх болно. Ерөнхий сайдаас бидний амьдрал ихээхэн шалтгаалах билээ. Намын дарга намын хагас, Ерөнхий сайд Засгийн газрын хагас, Эцэг мал сүргийн хагас гэдэг үг байдаг даа. Ингээд та бүхэндээ ярилцлагыг хүргэе.

Баяр бол Монголын ард түмэн, төр түшиж болох хүнийг хүлээж ядаад цөхөрч байхад гарч ирсэн үзэгдэл мөн
Зуны тэргүүн сарын өлзий дэмбэрэлт өдөр Хүүхэлдэйн театрыг зорилоо. Уг театрын гурван давхарын нэгэн өрөөнд Б.Лхагвасүрэн гуай ном судар, утаа май, их онгодод хөглөгдөн сууна. Энэ бичгийн хүмүүн Ерөнхий сайд С.Баярын ойр дотны хүний нэг болохоор бидний халуун яриа С.Баярын тухай өрнөлөө
-Та Ерөнхий сайд С.Баярыг их залуугаас нь мэдэх хүний нэг. Тиймдээ ч бидний эрж яваа асуултанд та л хариулж чадна гэж итгэж байна. Анх яаж танилцаж байснаа эргээд дурсаач?
-Хүний залуу насыг их гэнэн цайлган, их хөөрүү алдаа оноотойгоо их ойлгомжтойгоор би төсөөлдөг л дөө. Би Баярыг хар залуугаас нь мэднэ. Миний л мэдэхийн тэр хэзээний ихэмсэг, эрхэмсэг, ярих, хөдлөх, явах, үзэх, сонирхох нь хүртэл хэмжээтэй залуу байсан гэж боддог юм. Анх надад "Иностранный литература" сэтгүүлээс тасдаж авсан Америкийн зохиолчийн "Ректайм" романыг барьж ирээд "Би их сонирхож уншсан юм. Лхагваа ахаа, та уншаад үзээрэй" гэж байлаа. Тэгэхэд Монголын адармаатай нийгмийн үед хамгийн их дуулиан шуугиан болж байсан Д.Батбаярын "Цахилж яваа гөрөөс" туужийг Баяр орос хэл рүү орчуулж байсан юм. Үнэндээ би тийм айхтар монголжуу үг, өгүүлбэртэй, адармаатай туужийг сургууль дөнгөж төгссөн "нусгай" орчуулна гэхэд чамлангуй байсан шүү. Нуух юм байхгүй. Тэгээд орос сургуулийн "бүтээгдэхүүн" шүү. Гэтэл Баяр нэлээн нухацтай хэдэн хуудсыг орчуулчихсан байсныг би их сонирхож уншиж үзсэн. Мэдээж миний орос хэлний боловсрол Баярынхаас хол дутуу болохоор "хонь уруу чоно өнгийсөн" гэдэг шиг юм болсон байсан. Их айхтар нямбай хийсэн орчуулга байсан ч дуусгаагүй юм болов уу, эсвэл гаргаагүй юм болов уу мэдэхгүй байна. Энэ мэтээс л бидний бие биенээ хүндэтгэх хүндлэл эхэлсэн гэж боддог юм.
-Тэр үед та энэ хүүгийн тухай юу бодож байсан бол?
-Надад нэг муухай зан бий. Би аливаа юмыг урьдчилан төсөөлөх жаахан дургүй. Би хүнийг өөртэйгээ ярилцаж байгаа, нэгэн цагт хамт амьдарч байгаа энэ үед уулзаж учрахдаа хэлж ярьж байгаа үг, үйл явдлаар нь л тиймэрхүү хүн юм даа гэж харахаас яваандаа энэ хүн хутагт, хувилгаан болох юм байна эсвэл том сэхээтэн, эрдэмтэн, хариуцлагатай хүн эсвэл хулгайч, худалч болох нь гэсэн төсөөллийг эрдэггүй. Өөрөөр хэлбэл хүнээс ирээдүйг нь эрдэггүй гэсэн үг. Ирээдүй бол хүний өөрийнх нь гарт байдаг эд. Тэгэхээр хүний гарт байгаа юмыг атгасан шагай тааж байгаа юм шиг таах нь нэг их таатай биш. Би хар залуугийн л тийм бодолтой байсан. Энэ хүн яваандаа томорч магадгүй гээд бараадаад долигоноод байдаг эсвэл тааруухан явна гээд тойроод дөлөөд байдаг хүн амьдралд олон байдаг шүү дээ. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй болохоор боддоггүй. Баяр ямар ч байсан хэлсэндээ хүрдэг, худлаа хэлдэггүйд нь би их талтай, хайртай байсан. Хайртай байсан гэхээр магадгүй зарим нь гайхах байх. Ирээдүйн Ерөнхий сайдтай танилцаж байна, дотно байна гэж миний зүүдэнд ч ороогүй явдал. Тийм болохоор би насандаа ахадсан зантай, бодолтой хүү гэж бас нэгэн хүндэтгэлтэй ханддаг байсан байж мэдэх юм. Бид нэрт зохиолч Дүгэржавын Маам агсныд их очдог байлаа. Хамт сууж ярьж хөөрөн оройг өнгөрөөнө. Одоо эргээд бодоход тэгж суухад Маам ахад Баяр чамлагдаж байсан өдөр байхгүй юм байна лээ. Баяр ойлгогдоход бэрх мөртлөө ойлгоё гээд чармайсан хүнд тодорхой, өөрийн бодолтой, санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлдэг, их өөрийнхөөрөө юм шиг санагдаж би сүүлдээ бүр дасаад "Загасны Дулмаагийн хэтэрхий мэргэн жараахай" гэж нэрлэдэг байлаа. Бид ийм дайтай дассан л даа.
-Саяхан ажлаар Ш.Тэнгисболд зураачтай уулзаж байхдаа сэтгүүлч С.Баяр та гурвын хамт авахуулсан фото зургийг харсан . Зураач ч өөрөө их ховор зураг гэж нандигнадаг юм байна лээ. Мэдээж бас л түүх хүүрнэх зураг байх гэж бодож байна?
-Бид хоёр бас Тэнгисболдынд зураг хөрөг яриад сууна л даа. Баярыг би ном, уран зураг, сонгодог хөгжим аль алийг нь сайн ойлгодог хүүхэд гэж боддог. "Британика" хэмээх дэлхийд толгой цохидог толь бичгийг хамгийн сүүлийн үеийн, хамгийн тансаг хэвлэлээр нь би Баярынд л харж байсан. Бид зураг хөрөг ярьсан тийм нэгэн уулзалтын өмнө ч юм уу, хойно Сүхбаатарын талбай дээгүүр хамт явж байгаад л авахуулсан зураг байгаа юм. Би чинь тэдэнтэй үеийн юм шиг инээж хөхрөөд л, бас цаашлуулаад л явна л даа. Тэд намайг ах гэнэ. Миний хажууд элдэв юм ярихгүй. Их цэгцтэй дүү нар байсан. Магадгүй би залуу насны алдаа оноо, элдэв өө сэвийг нь хардаггүй байсан байж мэднэ. Тэр зургийг авахуулж байхад би их залуу, тэд маань хүүхдээрээ байж дээ гэж одоо хардаг. Тиймдээ би хүүхдүүдтэй л авахуулсан зураг гэж боддог юм.
-Таны дурсгасан уран зургийг Ерөнхий сайд хадгалж явдагаа ярьж байсныг санаж байна. Энэ ямар зураг байсан юм бэ?
-Би хүүтэйгээ хамт зургийн үзэсгэлэн гаргасан. Маршалын ордонд цөөхөн зургаар анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан бол дараа нь хүүтэйгээ хамт миний номын зураг, чимэглэлүүд гээд олон юмнаас бүтсэн үзэсгэлэн гаргасан юм. Энэ үзэсгэлэнд тавьсан зурагнуудаасаа өөрийнхөө жаахан тоодог, сэтгэлдээ болсон ч юм уу гэж боддог өөрийнхөөрөө л байх тухай "Өөрийнхөөрөө" нэртэй тосон будгийн зургаа Баярт дурсгасан юм. Би энэ зургаа "Өөрийнхөөрөө" шүлгээ бодож байгаад л зурсан. Баярт өгөхдөө ч өөрийнхөөрөө л ямагт байгаарай гэж өгсөн.


-Та түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд болсноос нь хойш тухтай уулзаж амжив уу? Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд болсноос нь хойш бишгүй л уулзсан. Уулзах тоолондоо өнөө нэг урьдны Баяртайгаа л уулзсан. Ерөнхий сайд болсон ч өмнөхөөсөө ялгагдахааргүй тийм л байсан. Бид нэг их шинэ юм болгож яриагүй. Харин би "Энэ бол хэцүү алба" гэж л хэлсэн. Хажууд нь байсан хүн зоригийг нь мохоох хэрэггүй ухааны юм хэлж байна лээ. Гэхдээ би хэцүү шүү гэдэг үг чармайх хэрэгтэй шүү гэсэнтэй утга нэгэн болов уу гэж бодоод хэлсэн үг л дээ. Энэ бол халшраасай гэсэн үг биш. Тэртээ тэргүй аливаа нэг ажлыг эхлүүлсэн бол халширдаггүй занг нь би мэднэ.
-Та хоёрын энэ олон жилийн нөхөрлөл бие биенээ хүндэтгэсэн хүндлэл дээр оршиж байжээ гэж ойлгож болох уу?
-Хүнд урваж болохгүй нэг юм байдаг. Энэ бол хүнийг үнэлсэн анхны үнэлгээ, анхны үнэлж харсан харц, анхны сэтгэлдээ хүлээн авч зөвшөөрсөн сэтгэлийн зарлиг юм. Би Баярын залуу халуун насыг мэдэх учраас хайрлах хүндлэхээсээ урваж байсангүй. Баяр ч бас урваагүй. Бидний бие биенээсээ урваагүй сэтгэл ямар нэг цавгүй, бодлын сүүдэргүй өдий болтол явж ирсэн. Баярыг авч яваа сайхан чанаруудын нэг нь энэ байх. Түүнд дундаж юм гэж байдаггүй хүн шүү дээ. Өдий олон жил түүнээс би ийм юм олж хараагүй. Тэгэхээр сайн хүн гэж хэлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Үүнийг надаар он жилүүд хэлүүлж байгаа юм. Энэ бол өнөөдрийн дүгнэлт, өнөөдрийн Ерөнхий сайдад билбүүрдэж хэлсэн үг ерөөсөө биш. Баяр Ерөнхий сайд байна уу, ердийн сурвалжлагч байна уу Баяр Баяраараа л байхад надад болоо. Миний таньдаг, мэддэг, ухаалаг хүн тэгээд л болоо. Миний үзэн яддаг ганц ч юм тэр хүнд байдаггүй болохоор хүндлэл маань жилийн жилд зузаарсаар энэ дайтай хүндэтгэлийг буй болгосон. Би одоо ч гэсэн тэр эрхэмсэг албан тушаалгүйгээр нь Баяр гэж хүний тухай ярьж байгаа юм.
-Таны хэлснээр бид Баяр гэж хүний тухай ярилаа гэж бодож байна. Харин та Монгол Улсын иргэн хүний хувьд Ерөнхий сайдын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Магтаал хүнийг алдаг гэж хүмүүс ярьдаг. Уг нь зохисон магтаал чинь хүнийг хөгжүүлдэг юм шүү дээ! Урмын томорсон хэлбэрийг л магтаал гэдэг. Магтаал, зэм хоёрыг хүнд өөрт нь л хэлж байвал зүгээр байгаа юм. Дамжуулж хэлэх юм уу дуурайж хэлэх чинь их таатай юм биш л дээ. Би Баярыг магтмаар байна. Бүр магтах нь битгий хэл өмөөрмөөр байгаа юм. Өөрсдийнх нь хэлэх байтугай! дуугарч чадаагүй юмыг хийж хэлж байгаад нь баярлаад... Өөрөөсөө илүү хүнд дургүй байдаг хүмүүсийг би үзэн яддаг. Буруу санааны дэмий цуурай бол хувцсанд наалдсан хялгас шүү дээ. Баярын хийж байгаа алхмууд бодож, санаж байгаа юмнууд ойрын үед Монголын төрд гараагүй эр зориг гэж би үздэг. Төр эр зориг, эхийн сэтгэл хоёроос бүтдэг. Баярыг харахад халдаж боломгүй юм шиг, ихэмсэг ч юм шиг харагдлаа ч цаанаа жигтэйхэн уяхан "хүүхэд" байгаа юм. Тэрийг бол мэдэх хүн л мэднэ. Баярыг уйлдаггүй, инээдэггүй юм шигээр сэтгэж ерөөсөө болохгүй. Их өрөвдмөөр уяхан зөөлөн сэтгэлтэй. Өөрийгөө олж чадаад цаана нь хүн чанараа хадгалж явна гэдэг олон хүнд байдаг чанар биш.
-УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн хоногийн дараа болно. С.Баяр сайд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байгаа. Та түүний сонгогчдод хандаж юу хэлэх бол?
- Баяр гарах болов уу, үгүй болов уу гэж би санаа ер зовохгүй байна. Энэ дүүргийн олон ишт үзэл бодолтой хүмүүсийн өмнөөс яагаад ийм омог бардам хэлж байна гэж хүн гайхах байх. Тэр яах аргагүй УИХ-д сонгогдох ёстой хүний нэг. Ажлыг нь хийлгэе. Төрд хэрэгтэй хүнээ гаргая л даа. Миний ард түмэн ухаантай болохоор миний хэлсэн хэлээгүй Баярыг сонгоно. Яагаад гэвэл сүүлийн хэдэн жилд Монголын төрд гарч ирсэн хүмүүсээс огцом тийм их хүндэтгэлийн тэсрэлт хийсэн хүн Баяраас өөр алга байна. Ард түмний хүндэтгэлийн ийм том тэсрэлтийг өөр дээрээ хүлээж авна гэдэг бол хөгшин галт уул дэлбэрэхээс хүчтэй юм. Би яруу найрагч хүн учраас арай адилтгалтай, хэтийдсэн юм ярьж байж магадгүй. Гэхдээ яруу найрагч хүн ярьж байна гэдгийг уншигчид маань хэлтрүүлэн ойлгох байлгүй. Ерөнхий сайдын ажлыг авснаас сэтгэлгээний болон үл дэмжихүйн ганцаардал гэдгийг Баяр амсаж байгаа гэж би боддог. Яагаад гэвэл зориглоод хийсэн юманд манайхан маш удаан ханддаг. Буруу юмыг яллах гэхэд бас удаан. Далдуур эсэргүүцэл хийж ажлын эрч хүчийг сулруулах гэж оролддог төрийн түшээд, намуудын ажиллагаа, сэтгэлгээний өнөөдрийн түвшин, идэвхгүй "дэгжин" өөрийнхөө төлөө дотогшоо "хандах" нь их таатай байх шиг байгаа юм. Үнийн хөөрөгдлийг Баяр дарна гэчихээд чадахгүй байна гээд л шуугиад байна. Энэ чинь чадахгүй биш чадах байхгүй юу. Чадуулахгүй гэж хийж байгаа хүчин зүйлүүд нь өнөөгийн тулгамдсан шаардлагаас даваад явчих юм. Сонгуулийн дараа элдвийн юм яриад байгаа хүмүүсийн бодлого шал өөр болно л доо. Зөв санаа сэдэл гарахаар нь чөдөр тушаа болж холуур хорлож байгаа хүчнүүд байнаа гэдэг бол Баярын эсрэг хийж байгаа юм биш Монгол Улсын хөгжил дэвшлийн эсрэг зогсож байгаа гэмт хэрэг гэж үзэхээс өөр арга байхгүй. Баяр бусдын чадаагүй олон юмыг гаргаж ирлээ. Гэтэл бүр түүний хормой дороос нь босож ирж дургүйцдэг. Энэ монголчуудад хэзээ байсан зан юм бэ? Хэрвээ энэ төрд Баяраас хүчтэй хүн гараад ирвэл үүнээс ч илүү хүчтэй юмтай тулгарах нь байна. Энэ хэдэн "ухаантнууд" дотроо л нөгөө хийдэг юмаа хийгээд л байх уу? Нөгөө талаас нэг аюултай юм бол монголчууд хуучиндаа, өнгөрсөн цагтаа дуртай байна.
Бид өнөөдрийн талхыг 60-аад оны үеийн үнээр худалдаж авах гэж тэмцэж бас чармайж байна. Энэ чинь ямар том тэнэглэл вэ? Энэ хооронд өнөө талхны чинь найрлага, хийдэг технологи дэлхийг дагаад зөндөө өөрчлөгдчихлөө. Ухаан нь 60-аад оныхоо ханшаар юм худалдаж авчихаад л сууж байх юм гэнэ. Энэ чинь хөгжил дэвшлээс татгалзаж байгаа хэрэг. Ер нь өндөр үнээс татгалзана гэдэг бол явж явж нарийн бодох юм бол хөгжлөөс татгалзаж байгаа гэсэн үг. Хүн бүр л дэлхийчлэл гэж онолдоод байгаа мөртлөө дэлхийчлэлээс болж байгаа шалтгааныг нь тооцохгүйгээр хуучнаараа амьдаръя, хуучнаараа эдэлье хуучнаар байя гээд гуйгаад байдаг. Тэгвэл энэ өндөр үнийн чинь төлөө хүн өөрөө шинэчлэгдэх хэрэгтэй юм. Хүн өөрийнхөө ажил амьдралын зорилго, санаа сэтгэлдээ шинэчлэл хийх хэрэгтэй байна. Өнөөдөр үнэ нь ихдээд хүн нь чамлагдаад, өөрөө өөрийн амьдралын төлөө зүтгэж байгаа монголын зүтгэл чамлагдаж байгаа учраас юмныхаа үнэнд "гологдож" байгаа хэрэг? Үүнийг бүр цаад язгуураар нь тайлбарлах юм бол их зүйл хэлж болохоор байгаа юм. Тэгвэл үнийг нь бууруулаад жишэгтэй байлгая гээд хэлчихсэн хүнийг чинь хэлсэндээ хүрсэнгүй гэж чичлээд байдаг. Хийх гээд хэлснийхээ төлөө "яланд" унадаг. Хийгээгүй худлаа амалсан нь ямар ч ялгүй яваад л байдаг. Дөрвөн жил амлаад ажлаа хийж чадаагүй хүнд юу ч хэлдэггүй. Ингэж болдог юм уу? Энэ их хурлынхнаас амласнаа биелүүлсэн гишүүн нэрлээч гэвэл надад лав хэлэх нэр алга. Харж байхад улсын хийж байгаа юмыг л би хийсэн гэж хувааж амлаад л байх юм. Нэг тоог дундаа хувааж эдлээд л би хийсэн гэж хэлдэг тийм үзүүлэлт хаана байна. Дээр нь ердөө хүнийг ажил хийлгэдэггүй. Монголд өнөөдөр ажил хийж байгаа хүнд их дургүй болсон. Ажил хийсэн нь ад болдог. Хийгээгүй нь, ярьдаг нь мандаад л байдаг. Хийдэг ганц хүн гараад ирэхэд түүнийг ганцаардалд оруулж байна. Дэмжих нь битгий хэл холоос л хорлонтой юм бодоод л. Монголчууд ийм зан чанар хаанаас авч үлдсэн юм бол. Хоёр зуун хэдэн жил дарлагдахдаа манжуудаас авч үлдсэн юм байх даа гэж би боддог. Тэрнээс миний удам угсаа, өвөг дээдэс ийм биш байсан байх.
-Үе үеийн Ерөнхий сайдын хийж үлдээсэн зүйл гэж их ярьдаг л даа. Тэгвэл 25 дахь Ерөнхий сайд маань энэ нийгэмд юу үлдээх бол?
-Баярт оногдсон хугацаа бодитой юм хийж багтах хугацаа биш байсан. Хувьсгалын долоогийн нэг Чагдаржавт нэг ийм богинохон хугацаа оногдсон юм байна лээ. Гэхдээ энд үлдэх юм, үлдээсэн юм гэж ярихаас өмнө хэлэх зүйл байна. Баяр бол Монголын ард түмэн, төр түшиж болох хүнийг хүлээж ядаад цөхөрч байхад гарч ирсэн үзэгдэл мөн. Өөрөөр хэлбэл төрд нэг ийм хүн байхсан даа. Ийм хүн нэлээн хэд байвал зүгээрсэн дээ. Ийм хүн бас төрд гараад ирдэг байжээ гэж сэтгэлгээний том эргэлтийг авч ирсэн үзэгдэл бол Баяр мөн. Энэ бол түүний зургаан сард хийсэн, хийхээр зүтгэж байгаа ажлуудаас нь үлдэхээсээ илүү монголчуудын сэтгэлд ийм жишээ, нэг үлгэр авч ирнэ гэдэг том ойлголт. Төрийн төлөө гарч ирсэн хүн ийм л байх ёстой. Төрд ийм л улс гараасай гэсэн нэг жишээ болж, ийм цангаан дээр нэг дусал ус дуснаа гэдэг бол асар том олз гэж иргэн хүний хувьд бодож байгаа. Мэдээж Баярын энэ хугацаанд хийсэн ажлуудаас олон л юм үлдэх байх л даа. Ашид үргэлжлэх зөв эхлэл бол хийж гүйцэтгэсэнтэй тэнцдэг.
-Мэдээж гэр орноор нь ордог л биз дээ? Их ажлын дараа алжаагаад харихад нь түшиг болох эхнэр хэрэгтэй эсэх талаар та ярилцаж байв уу?
-Залуу байхад нь дөчин мянгатын гэрээр нь нэг хоёр удаа орж байсан. Голдуу л ганцаараа байдаг байсан. Эжий нь ажил гээд явчихна. Харин аав нь ч их эрт өөд болсон доо. Ер нь айхтар эрт биеэ дааж, өөрийгөө гэр дотроосоо олохоос гадна ертөнцөөс өөрийгөө эрт олсон хүүхэд гэж боддог. Өөрийгөө олно гэдэг чинь их өөр зүйл. Үрийг олж төрүүлнэ гэдэг эцэг эхийн бурхны ерөөлөөр бүтдэг их хэрэг байдаг байх. Харин хүн орчлонд төрчихөөд дараа нь өөрийгөө олно гэдэг тун хэцүү. Төрсөн цагаасаа эхлээд л өөрийгөө эрдэг юм шиг байгаа юм. Эрж эрж л олдог. Эндээс зөв олсон хүмүүсийн нэг нь Баяр. Өөрийгөө олохын ухааныг тэр болгон хүн төгсчихдөг юм биш л дээ. Өөрийгөө олно гэдэг өөрт байгаа төрөхөөс заяасан бурхны хишгийг өөрөөсөө олохыг л хэлээд байгаа юм. Авьяас,билэг ухаан, хүч чадал, алдаа оноо гэдэг хүн өөрт байсан юмаа л олж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хүнийг их олон юм цуглуулж байж бүтээдэг. Эдгээр олноосоо амьдралын дунд аль нэгийг нь олоод л хөгжүүлээд явдаг юм.
-Яадаг юм. Эхнэргүй хүн төр барьж яагаад болдоггүй юм. Хатангүй хаан гэж байгаагүй. Албан ёсоор хайртай ч бай, хайргүй ч бай аливаа нэгэн зовлон жаргалын дараа хатанг нь төрт ёсны үүднээс нөхдөг байсан байх л даа. Өнөөдөр тийм үе улирсан. Би хаадын хатад, хаадын тухай төрт ёсны бишгүй олон жүжиг бичсэн. Энэ бол хүний сэтгэлийн эрх юм даа.Өнөөдөр ажил хийх эрх чөлөөнд нь ичихгүй халдаж байгаа хүмүүс сэтгэлийн эрх чөлөөнд нь халдана л даа. Уг нь халдахгүй байх ёстой юм. Ямарваа нэг дээшээ гарсан хүмүүстээ сэтгэлийн эрх эдлүүлж байх, төрт ёсны эрхийг нь ёсоор нь эдлүүлж байх, тэдний халдашгүй байдлыг хадгалж байх, Төрийн хүндэтгэлийг эргүүлж авч ирэх юмсан гэж би боддог. Тэднийг аар саархан зүйлээс ямагт хол байлгаж ард түмэн хамгаалж байх ёстой. Миний нэг жүжгэнд "Төр хувцсаа тайчин хаяж, түмний дунд нүцгэн гүйдэггүй юм. "Төрт ёсны хувцсан дотроо төмөр илд, цагаан сүү хоёрыг нууж явдаг юм" гэж бичсэн. Төрийн хүний тухай батлагдаагүй жижиг сажиг хов жив их явах юм. Ард түмэн нандин байж төр нандин байна. Төр нандин байж ард түмэн нандин байна. Энэ нандин эрхэмсэг чанарыг л төр хадгалах ёстой юм шүү дээ.
Ярилцсан: Д.Хулганаа

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: