МАХН-ын дарга С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн үг

Эрхэм Ерөнхийлөгч өө,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Эрхэмсэг Элчин сайд, хатагтай, ноёд оо,
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсонд намынхаа зүгээс болон хувиасаа гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу.
Энэ хүндэт индэр дээрээс, хойшид ажил үйлсээр батлагдах үнэн үгийг л хэлэх учиртай гэж би нэн түрүүнд бодож байна. Хийсвэр, хуурмаг, эсвэл бодолгүй хэлсэн үг, тооцоо ядмаг, яарсан амлалт зэрэг нь төрийн ажилд тус болохгүй. Үнэн үгээ хийж байгуулах, эмхэлж эвлүүлэх, сайныг үргэлжлүүлэн зүтгүүлэх их ажлаар бага хугацаанд батлан харуулах үүрэг надад оногдож байгааг би мэдэрч байна.
Шинэ Засгийн газраас гүйцэтгэн хэрэгжүүлэх тодорхой ажил, төлөвлөгөө, төслүүдийн талаар Танхим бүрэлдсэний дараа л ярих боломжтой учраас энэ удаад миний бие цаашид зарчмын хувьд баримтлах зарим санаагаа товч хэлье.
Монголын ард түмэн өнөөдөр онол бодлого тэгш, тогтвортой шударга төрт ёс, түвшин амьдрал, сэтгэлийн амар амгаланг энэ танхимд цугласан бид бүгдээс нэхэж байна.
Ардчиллын буяныг буруу эдэлж, дур зоргоор авирлах болсон эрх мэдэлтнүүдийг, хуулийн мөн чанар, эрх хэмжээ, ёс журмыг эвдэгсдийг хазаарлан зогсоож, шударга ёс тогтоохыг Монголын нийгэм улс төрчдөөсөө хатуу шаардаж байна.
Авлига, хээл хахууль төрийн албаны нэр төрийг сэвтүүлж, төрдөө итгэх ард түмний итгэлийг эмтлээд зогсохгүй улс орны эдийн засгийн чадавхид ч хор хохирол учруулсаар байна. Авлига, хээл хахуультай тэмцэх, төрийн байгууллагын дээд, дунд, доод шатны хүнд суртлыг арилгахыг шинэ Засгийн газар эн тэргүүнийхээ зорилго болгох ёстой юм байна гэдгийг би ойлгож байна. Засгийн газар ямагт баримтлах нэг чиг шугам бол хуулийг дээдлэх, хуулийг хэрэгжүүлэх сахилгын асуудал мөн гэж бас бодож байна.
Авлига хэмээх хогийн ургамал Монгол нутагт маань бутлан ургажээ. Энэ ургамлын ганц нэг навчийг зулгаах бус, үндсийг нь тасдан хаях хэрэгтэй болсон байна. Гэхдээ Монголын төрийг гутааж буй авлигатай тэмцэж байна гээд төрийнхөө хууль журмыг алдагдуулж, бусдыг гутаадаг ёс байхгүй. МАХН-ын XXY их хурал хуралдсаныг "678 авлигач хуралдаж байна" хэмээн улс төрийн нэгэн зүтгэлтэн саявтар цуурсан.
Энэ гүтгэлгийн дараахан "МАХН-ын 31 авлигачдыг нэрлэж байна" гэсэн гарчигтай зүйл хэд хэдэн сонинд нийтлэгджээ. Манай намын үе үеийн удирдлага, гишүүдийн нэр хүндэд халдсан энэ гүтгэлэгт МАХН-ын шинэ дарга миний нэр ч дурдагдсан байна. Уг гүтгэлэгт "ОХУ-д төлсөн 250 сая доллараас алга болсон 50 сая долларын асуудалд... МАХН-ын дарга С.Баяр нарын нэр холбогддог" гэжээ.
Гүтгэлгээр гаргасан энэ асуудлыг шударгаар нягталж, хуулийн дагуу ялган салгаж өгөхийг хүссэн хүсэлтээ би албан ёсоор хууль хяналтын байгууллагад гаргаж байгаагаа олон түмэндээ сонордуулж байна.
Засгийн ажлаа зарга заальхайгаас эхлэх нь зохимжгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ төр, засагтаа итгэх Монгол түмний итгэл юу юунаас ч чухал, эрхэм зүйл гэдгийг ухаарч байгаа учраас надад үүнээс өөр арга алга. "Өөрийн бие шударга байваас зарлиг эс буулгасан ч хэрэг бүтюү. Өөрийн бие шударга эс аваас зарлиг хэдий буулгавч эгэл ард эс дагаюу" хэмээн эртний монгол мэргэдийн айлдсан сургаал өнөө цагийн Монголын төрд ч хамаатай.
"МАХН-ын 31 авлигач" хэмээсэн гарчигтай дээрх "мэдээлэлд" нэр нь орсон бусад хүмүүс ч миний адил хууль хяналтын байгууллагад даруй хандан үнэн мөнөө, буруу зөвөө шударгаар нягтлуулах хүсэлтээ албан ёсоор гаргах биз ээ. Авлигын асуудал тойрсон эргэлзээ, мэдээлэл байгаа л бол хэний ч хувьд түүнийг эцэслэн шалгаж, эгнэгт тайлах ёстой гэж бодож байна. Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох, монгол түмнийхээ итгэлийг эвдэхгүй байх жишээг Ерөнхий сайд, сайд нар, төрийн түшээдээс эхлэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна.
Монгол Улсын хууль, тогтоомжийг гүйцэтгэж хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газар зөвд зөөлөн, бурууд хатуу байх ёстой. Хариуцлага, сахилгын асуудал өнөөдөр Монголын төр зүй ёсоор оршин тогтнохуйн гол гогцоо болоод байна. Хариуцлагагүйн улмаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тухай түгшүүрт мэдээ түгдэггүй өдөр гэж бараг үгүй болж. Нийгмийн төлөв түвшин амьдрал, монголчуудынхаа сэтгэлийн амар амгаланг хангая гэвэл хариуцлага, сахилгыг хүний үйл ажиллагааны бүх салбарт чангалах хэрэгтэй болсон байна.
Эдийн засгийн харилцаанд ч шударга ёс, тэгш боломжийн зарчмыг хэрэгжүүлэх, "далд" эдийн засгийг "ил" гаргах шаардлага тулгарч байна. Өнөөдөр байгаа эдийн засгийн тогтолцоо гэнэт бий болчихоогүй. Арван долоон жилд бидний гаргасан алдааны уршиг, олсон онооны явцад бий болсон тогтолцоо шүү дээ. Өнгөрсөн хугацааг ашиг олж чинээлэг болсон хэсэг нь "Алтан үе", харин алдаж хоцорсон хэсэг нь "Аймшгийн үе" гэж нэрлэж байна.
Шилжилтийн үе дууссан, дуусаагүй, их шинэчлэл, реформын хоёрдугаар үе эхлэх болсон, болоогүй гэж эрдэмтэн мэргэд маань маргадаг. Юутай ч өнгөрч буй шилжилтийн үед бий болсон эдийн засаг, эрх зүй, сэтгэл зүйн дарамтаас хувийн хэвшлийнхэн болон иргэдээ ангижруулж, Монголын төр нэг удаа "татварын өршөөл" үзүүлэх цаг ирсэн ч байж магад. Энэ арга хэмжээний үр дүнд эдийн засагт ил тод байдал, шударга ёс төлөвших эхлэл тавигдаж, ижил гараанаас зэрэг гарч шударгаар амьдрах, ажил хийх, өрсөлдөх, хөгжих боломж бүрдэнэ гэж бодож, итгэж байна.
Шинэ Засгийн газраас эдийн засгийн салбарт гарцаагүй анхаарах ёстой бас нэг зүйл бол хэрэглээний үнийн өсөлтийн асуудал юм. Тэнгэрт хадсан үнийн нисэлтийг сааруулах, зогсооход чиглэгдсэн улс төр, эдийн засгийн арга, хөшүүргийг гадаад болон дотоод харилцаандаа хэрэглэж, бодит үр дүнд даруй хүрэх хэрэгтэй байна. Цаашдаа манай зах зээлд нийлүүлэлт нь хомс байгаа өргөн хэрэглээний гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаднаас биш дотооддоо үйлдвэрлэх чадамжийг бүрдүүлэх ажлыг цаг хугацаа, орон зайн хамааралтайгаар хийж гүйцэтгэх шаардлага бий. Асуудлыг шийдэх арвин бололцоо ч бидэнд байна. Шийдэх арга, хэрэглэх хөшүүргийг нь зөв олвол таван хошуу малынхаа хишиг буяныг эдэлсээр ирсэн монголчууд бид мах, цагаан идээгээрээ гачигдах учиргүй. Гурил болон нефтийн бүтээгдэхүүнийг ч дотооддоо хангалттай хэмжээнд үйлдвэрлэх боломж бий гэж бодож байна. Засгийн газрын нийгмийн бодлогыг хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад голлон чиглүүлэх нь чухал боллоо.
Монголчууд бид эх орны маань хөрсөн дор эцэг өвгөдөөс өвлүүлэн үлдээсэн эрдэнэсийн сан, эрдэс баялгаа дэлхийн олон улс гүрнүүдийн алдаа, онооны сургамжийг харгалзан хүн ардынхаа амьдрал ахуйг өөд нь татах, нийгмийн тэгш эрх, шударга ёсыг ард түмэндээ жинхэнэ ёсоор эдлүүлж эхлүүлэх хамгийн зөв хувилбарыг сонгож авч ашиглах ёстой. Ингэснээр Монголын нийгмийг зовоосоор байгаа ажилгүйдэл, ядуурлыг багасгах, арилгах шинэ боломж нэмэгдэнэ гэж бодож байна.
Улс төрийн хүчнүүд хамтаараа шийдэх ёстой өөр бусад олон асуудал байна. Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд ухаан бодрол, бодлого сэтгэлгээний өрсөлдөгчид болохоос биш бие биедээ дайсагнагчид байх ёсгүй ээ. Эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, алдаа оноог шүүн ярилцах нь сөрөг хүчний үүрэг мөнөөс мөн. Гэхдээ үзэл бодлын зөрүүтэйг, буруу зөв бүхнийг ухаалгаар шүүн тунгааж "Монгол Улсынхаа төлөө" гэсэн нэгэн сэтгэл, зорилго дор нэгддэг байх нь эрхмийн дээд чанар мөн юм. Бид хэчнээн ч сөрөг, эерэг хүчин гэгдлээ ч бидний буруу зөвийг ялган салгах, дүгнэх эрх зөвхөн ард түмэнд маань бий.
Эдийн засгийн таатай нөхцөл, өөдлөхийн эхлэл бүрдсэн энэ үед л бид бүгд Монголоо гэсэн чин сэтгэл зүтгэлээ нэгтгэхгүй юм бол хэзээ нэгтгэх юм бэ?
Хэдийгээр яаралтай хийх зүйл цаг хугацаанаасаа ахдаж байгаа ч гэсэн зөв эхлэл болон үргэлжлэлийг хийвээс Монголын нийгмийн ойрын болон хэтийн хөгжилд хүсүүштэй ирээдүйн үндэс суурийг тавих сайхан боломж бүрдэх нь лавтай.


Монгол Улс маань цэцэглэн мандах болтугай.
Анхаарсанд тань баярлалаа.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.