МУ-ын Ерөнхий сайд С.Баярын УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлсэн үг

2007.12.13

Улсын Их Хурлын эрхэм дарга аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ !

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шинэ Засгийн газрын гишүүдийг томилж, бүрэлдэхүүн бүрэн ажиллах боломжийг олгож өгсөнд талархаж байна. Ирэх сонгууль болтол Засгийн газарт цаг хугацаатай уралдан ажиллах шаардлага тулгарлаа. Бид олон зүйл хийж амжихгүй, тийм бололцоо ч байхгүйг хэн хүнгүй ойлгож байна. Гэвч түүхэн цаг үе, Монгол Улсын ирээдүй, үндэсний эрх ашиг биднийг дараах таван алхам даруй хийхийг шаардаж байгаа юм.
Би урьд өмнө огт дуулдаагүй, цоо шинэ алхам санал болгох гээгүй байна. Харин нэгэнт хийгдсэн буюу эхэлсэн боловч дутуу дулимаг болсон, эсвэл эхлүүлж зориглоогүй, яг одоо хийхгүй бол нэгэнт оройтох, Монгол орны ирээдүйг тодорхойлох учиртай энэ хэдэн алхмыг хамтарч хийхийг уриалж байна. Тэдгээр нь Монгол орныхоо ирээдүйг тодорхойлох санаа сэдэл, түүгээр улбаалсан үйл хэргийг төгөлдөршүүлэх зарчмын санал гэж би ойлгож байна. Дашрамд хэлэхэд, өдгөө дэлхий дахинаа өргөн хэрэглэх болсон "инноваци" гэдэг үгийг эрдэмтэн мэргэдтэй зөвлөлдсөний үндсэн дээр монголоор буулгахдаа "байсан ямар нэгэн зүйлийг шинэ сэдлээр төгөлдөршүүлэх" гэсэн утгаар ойлгож, "төгөлдөршил" гэсэн нэр томъёо хэрэглэв.


Нэг. Сонгуулийн тогтолцооны төгөлдөршил
Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхөж байна. Зургаан сарын дараа намууд хийж бүтээснээ ард түмнээрээ дүгнүүлнэ. Шалгалтад тэнцсэн нь засгийн эрхийг авна. Бүдэрсэн нь засаг төрөө хянаж, дараагийн сонгуульд бэлдэнэ. Энэ бүхэн байдаг л зүйл.
Үүнийг үл өгүүлэн өнгөрч буй бүрэн эрхийн энэ хугацаанд УИХ-ыг бүрдүүлж буй улс төрийн намуудын үйл ажиллагаа, хариуцлагатай холбоотой урган гарч буй зарчмын хэд хэдэн асуудлыг хөндөхийг хүсэж байна. Монголын засаг төрийн механизмын гол болон туслах хүрдийг 2004 оны сонгуулиас хойш хэн хэн барин залж байв аа? Засгийн газруудын үйл ажиллагааны сайн, муу үр дүнг хэн хариуцах вэ? Сайн нь хэнд оногдож, муу нь хэнд тохогдох бол? УИХ-ын нийт суудлын талыг авсан МАХН-д уу, гуравны нэгийг авсан Ардчилсан намд уу? Эсвэл 1-4 суудалтай БНН, "Эх орон", ИЗН-д уу? Аль эсвэл сонгуулийн дараа парламент дотор бүрэлдсэн ҮШН-д, эсвэл АТН-д уу? Хэнийг гэж энд нэрлэх ёстой вэ?
Үнэндээ бол эхний Засгийн газрыг тэргүүлсэн Ардчилсан нам, сүүлийн хоёр Засгийн газрыг тэргүүлсэн МАХН, тэдгээрийн Засгийн газарт орж байсан бүх намуудтай оролцсон хүрээ чиглэлээр нь, хийсэн ажлын хэр хэмжээгээр нь ард түмэн хариуцлага тооцох учиртай. Хэн зөвшөөрөл өгснөөс нь шалтгаалж, тараасан лицензийг аль нь компанидаа авснаас хамаарч, тендерээс ямар нь ашиг олсныг нь тооцож, онгоцыг чухам хэний, ямар заавраар хөөргөснийг нь тогтоож, хариуцлагыг энэ бүх намуудтай л оролцоо оролцоогоор нь шударгаар тооцох ёстой, уг нь.
Гэтэл манай өнөөгийн энэ тогтолцоонд хэн, ямар хэмжээнд, яаж хариуцлага хүлээх нь нэн бүдэг, тодорхойгүй байна. Нэг суудал алдвал үхлийн ялагдалд ордог нам байхад, ганц суудал аваад үнэмлэхүй ялалтын туг барьж, засгийн эрх барилцдаг нам байсаар байгааг бид бэлхнээ харж байгаа. Хүссэнээ авах гэдэг "ганц"-ууд, хүлээсэнд баригдсан олонх гэсэн хариуцлагын хэмжээ нь хашраах ташуур болдог энэ тогтоц эрүүл үү?
Эмгэгтэй гэмээр энэ тогтцоос болж эцсийн дүндээ улс төрийн намууд гэхээсээ улс эх орны эрх ашиг хамгийн их хохирч байгаа юм. Аль ч намыг хүчгүй болгодог, хүчтэйн гараас жолоог нь булаадаг, хүлээстэй гарт цулбуур атгуулдаг гажиг үзэгдэл манай сонгуулийн системд байна.
Сонгуулийн тогтолцоог шинэтгэн төгөлдөршүүлэх, хариуцлагын механизмыг тодорхой болгох эхний шаардлага чухам эндээс гарч байна.
Түүний дээр ардчилсан, ил тод, шударга гэгдэж буй сонгууль маань өнөөдөр сонгогчдыг худалдан авах, архидуулах улайм цайм луйвар боллоо. Бурууг бусад руугаа чихэн бие биеэ өмгөөлөвч, бүгдээрээ л энд оролцож, хийлцэж байна. Хэн нь түрүүлж, хэн нь сүүлдэж мөнгө, бэлэг хэдийг тараадгийн ялгаа л байхаас, өгдөг өгдөггүйн ялгаа гарахаа байсныг бид нүдээрээ харж байна. Хэн нь нэр дэвшиж яваа улстөрч, хэн нь найр хэсч яваа уяач болохыг төрсөн эх нь ч танихын аргагүй үзэгдэл ялангуяа орон нутагт ил харагдах боллоо. Зургаан сарын дараа сонгуулийн кампанийг нар, сарыг чилээсэн наадам болгохын тулд тараах архи, уралдуулах морь, өмсөх хантаазаа манай, танайгүй зэхэж байгаа, шинээр тодрох өрсөлдөгчид ч хормойгоо бүсэндээ хавчуулчихсан шавдаж яваа гэхэд хилсдэхгүй болов уу.
Өнөөгийн сонгуулийн мажоритар тогтолцоо нь нэр дэвшигчийг хагас намын, хагас бие даасан байдалтай болгосноос энэ гажиг үүсч байна. Нэрээ жагсаалтад бичүүлэх эрхийг намаасаа авах боловч цаашаа өөрөө бүхнийг хариуц гэсэн бичигдээгүй хууль үйлчилдгээс хувийн боломж, нөлөөлөлдөө дулдуйдах, сонгуулиар тусалсан хүмүүсийн ачийг дараа нь заавал хариулах, гаргасан зардлаа ямар нэгэн аргаар нөхөх чиглэлээр зайлшгүй бодох, ажиллах зам руу тэднийг түлхдэгийг бид мэднэ.
Ийм замаар гарч ирсэн УИХ-ын гишүүдийн дунд төр, ард түмний эрх ашгийн төлөө зүтгэгчийн дүртэй ч, үнэн хэрэгтээ хувийнхаа эрх ашгийн тулд төрийн нэр барьж, ёс суртахуунаа золиослогчид байсаар байгаа нь Монголын төрийг гутааж, доройтуулж байна. Гэтэл үүний төлөө хүлээлгэх улс төрийн хариуцлага алга. Зүй нь тийм хүнээ нэр дэвшүүлсэн нам нь эргүүлэн татдаг байвал шударга ёсонд бүрэн нийцэх билээ.
Сонгуулийн хуулийг төгөлдөршүүлэх хоёр дахь шаардлага үүнд оршиж байгаа юм.
Улс үндэснийхээ эрх ашгийг төлөөлөх учиртай ард түмний элч-парламентын гишүүд аймаг, орон нутгийн аж ахуйн асуудлыг хөөцөлдөгч болж хувирлаа. УИХ-ын гишүүд тухайн тойргоос бараа таваар, элдэв зүйл хөөцөлдөн хот орж ирсэн аль нэг байгууллагын аж ахуйн нярваас бараг ялгагдахаа болилоо. Монгол Улсын төрийг жолоодох парламентад 76 хүн суух хэрэгтэй учраас л төдий тооны тойрогт хуваасан маань улс орныхоо эрх ашгийг 76 хэсэглээд, хэсэг бүрийг төлөөлөн хөөцөлдөх нэг нэг хүн тавьчихсан юм шиг төрхтэй болчихлоо. Ийм нөхцөлд парламентын гишүүд өөрийн аймагт хуваарилагдах төсөв, хөрөнгө, "тусламжийн бараа"-г нэмэгдүүлэх, өөр аймагт төлөвлөгдсөн ажлыг булааж, өөрийн тойрог руу шилжүүлэхийн тулд лоббидохоос хэтрэхгүй, үндэсний хэмжээний асуудалд бодитой хандах чадваргүй болж хувирав. Өнөөгийн ийм тогтолцоо нийт улс орны эрх ашгийг жалга судаг руу тараан сульдааж байна.
Сонгуулийн хуулийг төгөлдөршүүлэх гурав дахь шалтгаан энд байна.
Нэг талаас сонгуулийн тойрогт мөнгө, бэлэг цацах уралдаан нь нэр дэвшигчээс асар их хэмжээний санхүүжилт шаардах болсон, нөгөө талаас төрд өөрийн сонирхлоо шургуулах бизнес бүлэглэлийн оролдлого, зарим гадаад орны сонирхлыг илэрхийлсэн хэмжээгүй их мөнгө хоёрын уулзвар нь үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд хор уршиг тарихын ирмэгт бид тулж ирээд байна.
Сонгуулийн системийг төгөлдөршүүлэх дөрөв дэх шаардлага бол энэ.
Бэлэг сэлт, хахууль, санал худалдан авах оролдлогуудаас болж сонгуулийн шударга зарчим алдагдаж, иргэдийн чөлөөт, ухаалаг сонголт хийх боломж хаагдаж байна. "Бусдын юмыг зүгээр авч болдоггүй" дүрмийг жирийн иргэдийн дийлэнх нь зөнгөөрөө дагадаг гэсэн судалгаа байдаг. Ийм гажуудал нийгмийн шударга байдлыг алдагдуулж байна.
Сонгуулийн мажоритар системийг зайлшгүй өөрчлөн төгөлдөршүүлэх тав дахь шалтгаан үүнээс урган гарч байна.
Сонгогчид итгэл үнэмшлээрээ саналаа өгөх боломжгүй, нэр дэвшигчид шударгаар өрсөлдөх нөхцөлгүй, засгийн эрх авсан нь түүнээ хэрэгжүүлэх чадамжгүй байгаа нь сонгуулийн мажоритар энэ тогтолцоо Монголд цаашдаа оршин тогтнох хөрс суурьгүй болсныг бэлхнээ харуулж байна. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийнхаа ерөнхий агуулга, үзэл санаатай яв цав нийцүүлж, парламентын засаглалын хэлбэрийг улам төгөлдөржүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүдийг миний бие бүрэн дэмжиж байна.
Сонгуулийн хуулийг төгөлдөршүүлсний дараа төрийн албыг улс төрийн намын нөлөөнөөс бүрэн ангижруулах бололцоо аяндаа бүрдэж ирнэ. Улс төрийн нам төрийн сонгуульд оролцон, шилдэг боловсон хүчнийг сонгон шалгаруулах менежментийг явуулдаг цөм мөн. Монгол төрийн алба улс төрийн аль нэгэн үзэл бодлоос хөндий байх ёстой гэсэн үндсэн зарчимтай Та бүхэн санал нийлэх байх гэж бодож байна.


Хоёр. Байгалийн баялаг ашиглалтын төгөлдөршил
Байгалийн баялаггүй орны иргэн ядуу, баялагтай орны иргэн баян байх жишиг мартагдаж байна. Олон хүнтэй улс орон том, цөөн иргэнтэй улс жижиг байхаа болилоо. Дэлхий ертөнцийн хөгжлийн шалгуурт гарсан ийм хувиралтай зэрэгцэн Монгол орны хөрсөн дор төсөөлшгүй их эрдэнэс байгаа нь тодорхой боллоо. Төсөөлшгүй их тэр эрдэнэсийн үнэ ч таамаглашгүйгээр өсөх үе бас давхацлаа.
Монголчууд төрт ёсны олон зууны түүхтэй, уламжлалтай. Гэхдээ мал өсгөх туршлагатайгаас бус, капитал үржүүлэх мэдлэг багатай. Төлөө өсгөх аргатай хэрнээ төгрөгөө арвижуулах чадвар хомстой. Төр, улс нь хоёр мянганаар ярих настай ч үндэсний хөрөнгөтнүүдийн төлөвшил хорь хүрэхгүй жилийн түүхтэй. Гэхдээ туршлагагүй ч гэсэн аз, хийморь магнай дээр минь залаастай явдаг монголчууд бидэнд харанхуй бүрэнхий замаар мухар сохор явах тавилан оногдох ёсгүй. Баялагтаа балчирдсан зарим орны гашуун туршлага, сургамж бидэнд яах ёстойг хэлээд өгч байгаа биш үү!
1990-ээд оны эхнээс бид "Алт сандайлсан гуйлгачин" хочийг өхөөрдөх, өрөвдөхийн завсарт өөртөө өгсөн билээ. Дээр нь суугаа хүний сэтгэлгээ гуйлгачин байвал алт сандайлсан ч, хад сандайлсан ч ялгаагүйг бид тэгэхэд хараахан ойлгоогүй байсан. Тэр үед ядуугаа мэдэж байсан ч сандайлсан газрын өчүүхэн нэг хэсэг болох Оюутолгойд 71 тэрбум унци зэс, 31 сая унци алт байгааг төсөөлөөгүй ээ. Бидний сандайлж байгаа төдийгүй гишгэж байгаа газар, малгайгаа тавьсан чулуу хүртэл эрдэнэс байжээ.
Өнгөрсөн жил Монголд айлчилсан ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Фрадковыг дагаж ирсэн нэгэн бизнесмен биднийг "Бухал сахисан нохой" хэмээн хочлоод буцсан. Юмаа өөрөө эдэлж чадахгүй, тэгсэн хэрнээ эдэлж чадах хүнд өгөхгүй, харамлаж хав дарсаар чоно, нохойн хоол болгодог хүнийг өрнө дахинд ингэж хочилдог. Манайхны "Харамласаар харамласаар хар нохойн идэш болгох" гэсэнтэй дүйх үг юм уу даа.
Оюутолгойн орд газарт гадаадын компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийснийг бид мэднэ. Хайгуул хийх нь эрсдэлтэй ажил учраас хөрөнгө мөнгөтэй компанитай төр гэрээ хийж, "Өөрөө унасан хүүхэд уйлахгүй шүү" гэдэг зарчмаар ажиллахаар шийдсэн. Монголд олон арван сая доллараа зарцуулж алдчихаад уйлалгүй босчих болтлоо торнисон үндэсний компани тэр үед байгаагүй болохоор гадаадынханд энэ ажлыг өгсөн. Эхлээд "Би Эйч Пи Биллитон" их хэмжээний мөнгө зарсан ч эрснээ олсонгүй. Уйлахгүй гэсэн амандаа хүрч, гараад явлаа. Харин дараа нь очсон "Айвенхоу майнз"-д инээх ээлж таарсан юм. Ингээд Монгол Улс хүлээсэн үүргийнхээ дагуу оруулах хөрөнгө оруулалтад нь өөрийн баталгаагаа гаргаж, Тогтвортой байдлын гэрээ байгуулах ёстой болов. Гэтэл 2003 он гэхэд байгуулна гэсэн гэрээ бараа сургаас цаашгүй өнөөдрийг хүргэж байна. Гадаадынхан биднийг хэлснээсээ хэрхэн буцаж, бухлаа яаж харамлан архирч, зуун алдаж байгааг харж байна. Бидний жирийн үнэн бол Оюутолгойг дангаараа ашиглаж хүчрэхгүй, гаднын туршлагатай компанийн оролцоогүйгээр шийдэхэд алд байтугай дэлэм дутаж байгаа явдал юм.
Монголын төр засаг, ард олны анхаарлын төвд байгаа өөр нэг баялаг бол 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн бүлэг орд газар. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ цаг тутам өссөөр байгааг дурдахын сацуу энэ ордод 1.8 тэрбум тонн коксжих нүүрс байгааг хэлэхэд үнэ цэн нь барагцаалагдах байх. Энэ ордын түүх Оюутолгойгоос өөр. 1960-аад оноос тэнд хайгуул хийж, Монголын Засгийн газар 40 гаруй жил ямар нэгэн байдлаар хөрөнгөө оруулжээ. Улсын төсвөөр буюу одоогийн ойлголтоор татвар төлөгчдийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрсдэлийг нь монголчууд өөрснөө хариуцаад хайгуул хийчихсэн орд газар. Монгол Улс уг ордыг хамтран ашиглах саналыг бүр социализмын үед ч маш олон оронд тавьж байсан билээ. Тухайн үедээ тээврийн асуудал, тэр үеийн нүүрсний үнэ энэ тэрээс болоод хэн ч тоосонгүй.
Зах зээлд шилжсэний дараагаар лицензийг нь авсан "Би Эйч Пи Биллитон" компани ашиг орлого олохгүй нь гэж үзээд лицензээ буцааж байжээ. Харин уг ордын гол лицензийг манай үндэсний хэд хэдэн компаниудаас бүрдсэн консорциум аваад найдвартай хадгалсан төдийгүй, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулсаар иржээ. Ард түмний баялгийг алдаж асгалгүй, үрэн таран болголгүй, харийнханд ашигтай, улсдаа гарзтай байдлаар зарж үрэлгүй хадгалж ирсэн үндэсний компаниуд, "Энержи ресурс" консорциумынханд Монголын төр ч, ард түмэн ч талархах нь зүй ёсны хэрэг юм.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.