Б.Цэнддоо: Төрийн залгамж

Монголд төрийн бодлоготны уламжлал тасарснаас хойш 300 гаруй жил болж байгаа юм. Харин улс үндсээ бие даалган авч явах бодлогын "алтан аргамж" эргэж залгагдаад ердөө 18 жил өнгөрлөө. Эхнийх нь Монголчууд Манж Чин улсын эрхшээлд орсон цагийг хэлж байна. Харин удаах нь 1990 оны ардчилсан хувьсгалыг зааж байна. Манж Чин гүрний хараат болсноор Монголд төрийн зүтгэлтний уламжлал тасарч, төрийн албан хаагч, тэгэхдээ харь гүрний тогтоож буй бодлогыг хэрэгжүүлэгч албатууд үржин, оршсоор ХХ зуунтай золгожээ. ХХ зууны эхнээс эхэлсэн тусгаар тогтнолын хөдөлгөөн олон арван эх оронч хөвүүдийг төрүүлжээ. Харамсалтай нь бурхан тэдэнд эх оронч сэтгэл зүрх заяаснаас биш эх оронч байх боломжийг хомсхон өгчээ.

1990 оны ардчилсан хувьсгалаар Монголд төрийн зүтгэлтэн төрөх боломж бүрдлээ. Монгол төр хэнээс ч хараат бус болж бие даасан бодлогоо дотоод гадааддаа хэрэгжүүлэх боломж гарсан хэрэг шүү дээ. Бидэнд байсан юм гэвэл шинэтгэх хүсэл мөрөөдөл, иргэнлэг эр зориг, хуучин цагийн системээр бэлтгэгдсэн төрийн албатууд, хуучин үнэлэмжээрээ төрд зүтгэх сэтгэл энэ тэр л байлаа.

Гэтэл Монгол төрийн албатууд болон өөрийгөө төрийн албат гэж үзэгсэд ардчилсан төрдөө хуучин "нураагч арга"-аараа зүтгэх боллоо. Өөр мэдэх юм байхгүй юм чинь яалтай билээ. Монгол дахь төрийн зүтгэлтнүүд өөрийнхөө хийснээр биш, өрөөл бусдаас олж нээсэн дутагдлынхаа хэрээр үнэлэгддэг болсноос үүдээд үндэстнийхээ эрх ашгийн төлөө нэгдмэл бодлого баримтлах бололцоо хомсдож иржээ. Аливаа нам, төрийн зүтгэлтэн бодлоготон өөрийнхөө чадамжийг нотлохын оронд бусдын алдааг илрүүлснээрээ үнэлэгддэг орчинд юм юм бүтээж бусдад идэш бэлтгэх тэнэг гарах уу?

Алдаан дундаасаа монголчуудын олсон сургамж л С.Баярын засгийн газрын "Таван төгөлдөршил"-ийн дөрвийг сөрөг хүчин дэмжиж, уул уурхайн салбарт барих төрийн үндсэн бодлого дээр монголчууд хоорондоо зохицож чадав. Харилцан дэгээдэлцэл, унаж босох процесс дундуур Монголын үндэсний төрийн зүтгэлтнүүд тодорч эхэлж байна. Өнгөрсөн хориод жилд манай түүхнээ гарч ирсэн гялайж гялтайсан болгон өөрийн гэсэн авторуудтай үлджээ. Ардчилсан хувьсгал, шинэ үндсэн хуулийг зориуд орхиод харахад ч ийм байна. Өмч хувьчлалын үйл хэргийг Да.Ганболдгүйгээр; үнийн чөлөөлөлтийг Дашийн Бямбасүрэнгүйгээр; банкны шинэчлэлийг Да.Ганболд ба Д.Бямбасүрэн хоёргүйгээр; санхүүгийн шинэтгэлийг Баабаргүйгээр; малыг малчдад өгсөн ба авилгатай тэмцэж эхэлснийг Элбэгдоржгүйгээр; орон сууц хувьчлал ба татварын шинэтгэлийг Р.Бадамдамдингүйгээр; ашигт малтмалын салбарыг дампуу байдлыг зогсоож газрынхаа баялгийг эзэмших эрхийг төрдөө эргүүлж авчирсан бодлогыг Лу.Болдгүйгээр төсөөлөх аргагүй.

Хүчний байгууллагууд дотроо хамгийн амжилттай шинэчлэгдэж, ахархан хугацаанд олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвар суусан Монголын армийн шинэтгэлийн авторууд нь Баабар, Дорлигжав, генерал Дашзэвэг нар гэдгийг хүмүүс тэр бүрий бас мэдэхгүй. Өөрт нь дур гутсан хүн хэтэрхий олон болсон ч газрыг хувьчлах шийд гаргуулж чадсан Н.Энхбаярыг алхамыг арчаад хаях боломжгүй. Хувьсгал шинэчлэлт дотор үгүйлэгдэж байсан хэсгүүдийг зангидаж гүйцээхээр боловсрогдсон "Таван төгөлдөршил" бодлогыг Санжийн Баяраас салгах аргагүй. Ингээд харахаар түүх жамаараа явж, өөрийн баатрууд тодорч, тасалдаад 300 жилийг үдсэн Монгол төрийн бодлого ба зүтгэлтний уламжлал зүй зохисоороо сэргэн залгагдаж байгаа ажаам.

Нэгэнтээ Ярослав Хашекийн эрэлхэг цэрэг Швейк "Юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг" хэмээн наргиан болгон хэлсэн билээ. Бид ч бас яаж ч муудсан гэлээ мөн л сайжрах тийшээ явж байгаа. Наад зах нь төрийн бодлогын тасархай залгагдаж сэргэгдэж л явна.

Сэтгэгдэлүүд:

1. Тагтаа | 2008-06-18 19:40:48
бие хүний нэрээр бамбайлж блог хүртэл бичээд л... Сонууглийн шоу дуусаагүй л байна уу
2. Магнай (зочин) | 2008-06-18 20:34:31
Их л хүйтэн төрхтэй хүн санагдсан даа ... Гэхдээ төрийн хүнд төрх ямар хамаа байхав дээ тээ ...
3. bayar2008 | 2008-06-19 10:14:32
Лхагвасүрэн гуайн ярилцлагыг уншаад энэ блогийг хөтлөхөөр шийдсэн юмаа. Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болж Засгийн газрыг тэргүүлж, тэр хүний үйл ажиллагаанаас бидний амьдрал ихээхэн шалтгаална шүү дээ. Тиймээс би өөрийнхөө төлөө, ойр дотныхоо хүмүүсийн төлөө л С.Баярыг Ерөнхий сайд болчихоосоо гэж хүсэж байгаа юмаа. Харин бие хүний нэрээр блог үүсгэж болдоггүй бол ямар учраас гэдгийг нь бичээрэй. Би тийм юм сонсоогүй болохоор нээчихсэн юм.
4. Buddy (зочин) | 2008-06-19 13:18:06
Хүн нь өөрөө их дажгүй хүн санагддаг шүү
5. bayr yalaasai (зочин) | 2008-06-23 19:39:33
bi bayriig demjdeg ene hyn l yum hiij chadna da iim bogino hugtsaand ih zuil hiisen shuu? elbegeed ene hugtsaa yarhad chd bagdna. Bayr uragshaa
elbegee hoishoo??????

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.