Үндэсний тойм сэтгүүл дээр С.Баярын Монгол улсаас ОХУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар явахаасаа өмнө өгсөн ярилцлага гарсан байсныг орууллаа. Цаг хугацааны хувьд 2000 юмуу 2001 оны ярилцлага бололтой.
Төрсний гэрчилгээний Өлзийбаяр нэр маань цэцэрлэгт Баяр болчихсон Ярилцсан Б.Ганчимэг
Таны ээж нэртэй эрдэмтэн хүн. Түүний ганц хүүгээ хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн тухайгаа дурсан ярьсан сонирхолтой баримтууд байдаг. Та бага насныхаа тухай ярьж өгөхгүй юу. Мэдээж хотын хүүхэд байх?
Тийм ээ. Би хотын хүүхэд. Нэг их бусдаас ялгарах, овойж товойгоод байх юм байхгүй дээ. Төрсөн, өссөн орчин маань Улаанбаатар хотын төв хэсэг.
Бас л нөгөө дөчин мянгатын хүүхэд үү?
Хотын төв хэсэг л дээ. Тийм. Дөчин мянгат. Тэнд төрж өссөн. Дээхнэ үед залуу сэхээтнүүдэд сүрхий байр олгож байсан юм байна лээ. Манай ээж, аав хоёр дээд сургуулийн багш нар байсан юм. Аав түүхч, ээж маань биологийн багш. Дурсамжийн хувьд юу байхав дээ. Тэр үеийн хотын хүүхдүүдийн л намтартай адилхан биз.
Мэдээж, цэцэрлэгт явж байсан байх. Харин тэр нь хэддүгээр цэцэрлэг вэ?
Одоо энэ Мобикомын төв байрны хойхно нэг цэцэрлэг байдаг юм. Одоо дугаар нь хэд болсныг би мэдэхгүй. Тэр үед тавдугаар цэцэрлэг гэдэг байсан. Орос багш нартай. Гэрт маань ойрхон. Тэр л миний цэцэрлэг. Одоо миний таних олон хүн тэр цэцэрлэгт явдаг байсан юм.
Сургуульд орохдоо харин алийг нь сонгож байв?
Ээж, аав хоёр маань залуу хүмүүс байсан болохоор эрдэм номын мөр хөөгөөд явчихдаг байсан. Хоёулаа Орос руу эрдмийн зэрэг хамгаалах гээд явцгаана. Тэгээд би эмээтэйгээ хамт үлдэнэ. Хоёулхнаа байдаг байлаа. Цэцэрлэгийн нас мултрав уу үгүй юу эмээ намайг сургуульд оруулсан. Тэгэхэд зургаан настай байлаа. Монгол сургуулиуд зургаан настай хүүхдийг авдаггүй байсан. Эмээ маань яагаад ч тэгж шийдсэн юм. Орос сургууль руу аваачсан. Консулын дэнж дээр байдаг нэг орос сургууль л даа. Одоо тэр байранд нэг дээд сургууль орсон.
(Эмээтэйгээ хамт)
Эмээд тань ийм сургуульд оруулаарай гэж таны аав, ээж захисан юм болов уу. Эсвэл таны эмээ тийм өөр сэтгэлгээтэй хүн байсан юм уу?
Өөр л дөө. Их өөр. Манай эмээ боловсролтой хүн байсан юм шүү. Буриад хүн л дээ. Ээжийн маань ээж. Аль тэр хорин хэдэн онд л нөхөртэйгээ хамт Буриадаас наашаа орж ирсэн гэсэн. Хоёулаа боловсролтой. Өвөө маань ХААЯ-нд газар тариалан эрхэлсэн түшмэл байсан гэсэн. Тэгээд 1937 оны хэлмэгдүүлэлтээр л аваад явчихсан юм билээ.
Хэн гэдэг хүн байсан юм бэ?
Аюур.
Аюур аа. Яагаад Монгол нэртэй байгаа юм бол?
Буриадууд чинь угаасаа л монгол нэртэй байдаг шүү дээ.
Эмээг тань хэн гэдэг байсан юм бэ?
Маньдарь гэдэг хүн байсан юм. Эмээ маань бүр хаант Орос улсад гимнази дүүргэчихсэн, сүрхий боловсролтой хүн байсан. Би бол "Эмээгийн хүүхэд" гэж байдаг шүү дээ. Нэг тийм эрх танхилдуу, эмээгээсээ их хамааралтай, өөр хүний хоол барагтай бол идэхгүй. Би ер нь айлын ганц хүүхэд л дээ. Намайг төрүүлэх үедээ ээжийн маань бие маш муу байсан гэдэг. Эмч нар таны амь нас аюултай байдалд орох гээд байна. Энэ хүүхдийг тань авчихъя гээд байсан гэсэн. Сүүлд мэдэх хүмүүс надад ярьж байсан. Ээжийн маань энэ шийдвэр тун эрсдэлтэй байсан юм байна лээ. Тэгээд намайг дөнгөж гаргаад л хагалгаанд орсон. Бага залуугаасаа, оюутан байхдаа л багш нараа дагаж нуур цөөрмөөр явсаар байгаад өрөөсөн уушиг нь устсан байсан. Ээж маань одоо ганц уушигтай хүн шүү дээ. Тийм үед хүүхэд тээж төрүүлнэ гэдэг эмэгтэй хүний хувьд аминд хүрсэн алхам.
Эмээ тань гарал угсаагаараа холын хүн байна. Ярьдаг үлгэр нь ч арай л өөр байсан байж таарах нь?
Тийм л дээ. Ер нь би нэг тийм хосолмол орчинд хүмүүжиж өссөн. Эмээ маань орос голдуу үлгэр ярьж, оросжсон маягаар хүмүүжүүлэх гэнэ. Аав болохоор Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харъяат хүн. Жинхэнэ хөдөөний монгол эр. Олон хүүхэдтэй айлын нэг хүү нь юм билээ. Аав нь нутаг усандаа нэртэй том лам байсан гэсэн.
Таны ээжийн тухай нэлээд сайн мэдээд байгаа мөртлөө аавын тань тухай мэдээлэл алга?
Жинхэнэ нэр нь Санж биш, Санжаа юм шүү дээ. Сургуульд байхын л намайг Санжийн Баяр л гэдэг байсан. Аавын маань нэр нэг мэдэхэд л тийм байдлаар товч дуудагддаг болчихсон. Аав маань бага залуудаа хийдэд шавилан сууж байсан юм байна лээ. Тэгээд сургуульд оруулдаг шүү дээ. Айл бүрээс аль нэг хүүхдийг нь заавал албан журмаар явуулдаг. Аавд маань тэр нь оногдсон юм байлгүй. Аав надад бага байхад ярьж өгдөг байсан. Ингэж сумын сургуульд сурсан, дотуур байраар яаж дамжсан гээд л бүгдийг нь ярина. Сургуулиа дүүргээд ЗХУ-ын цэргийн холбооны сургуульд явсан. Эх орны дайны үеэр яг Москвад цэргийн холбооны дунд сургуульд сурч байсан. Төгсч ирээд энд цэргийн нисэх эскадрильд холбоочноор ажиллаж байгаад их сургуульд орж түүхийн анги төгссөн. Сурлага сайтай байсан гэж ярьдаг юм. Тэгээд төгсөнгүүтээ сургуульдаа багшаар үлдсэн юм билээ. Түүхийн багш байсан л даа.
(Аав, ээжтэйгээ хамт)
Ээжтэй тань яаж танилцсан юм бол?
Ээжийн багш нь байсан юм байна лээ. Өөрөөр хэлбэл оюутантайгаа суучихсан байхгүй юу. Аав маань 21 оных, ээж 36 оных. Тэр хоёр 15 насны зөрөөтэй байсан. Ээж маань ч сурлагандаа гайгүй байсан. Тэгээд сургуулиа төгсөөд багшилсан. Хоёулаа л багш. Аав 60-аад оноос эхэлж Намын төв хорооны дэргэдэх намын түүхийн институт гэж байсан, тэнд ажиллаж байгаад 1970 онд өөд болсон.
Аав тань таныг хэдтэй байхад нас барсан юм бэ?
13-тай байхад нас барсан.
Таны нэр чинь угаасаа л Баяр уу. Баярсайхан гэдэг ч юм уу өөр нэртэй байсан юм биш биз дээ.
Үгүй. Эхлээд Өлзийбаяр байсан юм билээ. Төрсний гэрчилгээнд тийм байдаг. Дараа нь л Баяр болчихсон. Цэцэрлэгт байхын л болов уу.
Хэн танд Өлзийбаяр гэдэг нэр өгсөн юм бол?
Аав л өгсөн гэсэн.
Биологийн Дулмаа гэгддэг, мэргэжил нь овог нь болтлоо хөдөлмөрлөсөн эрдэмтэн хүний хүү байна гэдэг сонин байх л даа. Энэ тухай сэтгэлдээ их тод үлдсэн хааяа, хааяа санаанд тань орж ирдэг тэр дурсамжуудаас ярьж өгөхгүй юу?
Ер нь бага насны содон дурсамж маань тэр л дээ. Би хэдийгээр хотод төрж өссөн ч гэсэн хөдөө орон нутгаар бүр бага байхаасаа явж эхэлсэн. Аав маань зориуд зуны амралтаар хөдөө Хөвсгөл рүү явуулдаг байсан. Аавын маань төрсөн ах, эгч Хөвсгөлд байдаг байсан юм. Тэгээд л би зуны амралтаа хөдөө өнгөрөөдөг байсан л даа. Тав зургаадугаар ангиас юм уу даа, бага сага юм өргөөд явчих тэнхээтэй болсон цагаас ээж хөдөө судалгааны экспедицэд авч явдаг болсон. Нэг талаас юм үзүүлж байгаа, нөгөө талаас сайхан амрааж байгаа юм. Хамгийн гол нь ажил гэж юу байдаг юм гэдгийг багаас маань эхэлж таниулж байгаа юм л даа. Хар бор ажил хийж сураг, дасгая гэсэн ийм бодол ч байсан байх.
Харин та ийм маягийн аялалд дуртай байв уу ?
Дуртай. Ээж экспедицийн дарга байсан ч би даргын хүүхэд гээд илүү эрх ямба эдлэхгүй. Ээж маань ажил дээрээ их ширүүн шазруун хүн шүү дээ. Одоо ч тийм гэж би дуулсан. Тэгээд л би экспедицийн хар ажилчин шахуу хүн явна. Зөөх, өргөх, майхан босгох, тор татах, завь жолоодох ажлыг хийж явсан. Хатуужлын хувьд бол хатуужихаар юм хийж явсан. Ээж маань өөрөө их хатуужилтай хүн. Нэг талаасаа ном хөөсөн эрдэмтэн, нөгөө талаасаа хар бор ажлаас айдаггүй хүн. Манайд эрдэм шинжилгээний ажлыг нүцгэн гараараа л хийдэг шүү дээ. Ялангуяа нуур, цөөрөм, загас жараахай судалдаг эрдэмтэд. Нэг их олон туслах гэж байхгүй. Өөрөө л хийнэ. Өөрөө л мөсөө цоолно, майхнаа босгоно, галаа түлж хоолоо хийж иднэ. Шинжилгээнийхээ материалуудыг цуглуулна. Ер нь ажил хийж амь зууна гэж юу байдгийг би тэгж л багаасаа ойлгосон болов уу.

(Экспедицээр явж байгаа нь)
Ер нь айлын ганц хүүхдүүдийн тухай нэг тийм зожиг, ганцаардмал, чимээгүйдүү гэх тодорхойлолт элбэг. Гэхдээ зарим нь огт өөр нээлттэй илэн далангүй байх нь бий л дээ. Та алинд нь хамаарах вэ?
Өөрийгөө тодорхойлох хэцүү. Айлын ганц ч гэлээ би дандаа ганцаараа байгаагүй ээ. Манай ээж эхээс гурвуулаа. Ээжийн ах нь Хишигт гэж хүн бий. Архитектор мэргэжилтэй. Тэр хоёрын том эгч Цэцэгдарь гэж эмч. Одоо ч байгаа. Ээж, аав маань эрдэм номын мөр хөөгөөд Москва, Эрхүү рүү яваад өгчихнө. Тэгээд эмээ маань ээж аавыг байхгүйд том охиныдоо байдаг байсан. Би эмээтэйгээ хамт л тэнд байна шүү дээ. Ширбазарынх гэж өнөр өтгөн айл байсан. Тэднийх зургаан хүүхэдтэй. Аавыг нь би ах, эгч нараа дууриагаад "паап", ээжийг нь "маам" гэж дуудна. Одоо ч хэвээр. Тэр айлын отгон нь л болчихсон үзээд байдаг. Тийм учраас бас олон хүүхэдтэй гэр бүл ямаршуу байдгийг би мэднэ. Ах эгч нарын хайр халамж гэдгийг ч бас хүртсээр ирсэн. Төрсөн ах эгч нар маань биш л дээ. Гэхдээ л би тийм орчинд өссөн.

(Ширбазар ахынхантайгаа)
Одоо ч гэсэн энд тэнд олон хүмүүстэй бужигнаж байна гэдэг ч юм уу, элдвийн үймээн шуугиан дундаас нэр тань сонсогддоггүй л дээ. Таны круг гэхээр ерөнхийлөгч гээд л бараг зогсчихдог, холоос, гаднаас харахад тэгж л харагддаг?
Магадгүй. Нэг хэсэг тийм зожигдуу байсан байх. Гэхдээ энэ чинь ийм л дээ. Гэртээ ном шагайгаад гадагшаа гарахгүй сууж байсан үе ч бий. Гэртээ тогтохгүй болсон үе ч байна. Ээж жилийн тав зургаан сар нь хөдөө явна. Тэгээд би гэртээ ганцаараа үлдэнэ. Хараа хяналт бараг үгүй, яг шилжилтийн нас ирж байдаг. За тэгээд ном шагайсан нүдний шил зүүсэн хүүхдийг чинь хүүхдүүд бас шоглоно шүү дээ. Дээр нь орос сургуулийнх гэхээр бүр үзэхгүй. Янз янзын хоч өгнө, шоовдорлоно, дээрэлхэнэ. Шилжилтийн насны хүүхдийн ааш араншин нь ч өөрчлөгддөг юм байна, нөгөө номоо ч шагайхаа болилоо. Хүмүүс хэлдэг ш дээ. Манай энэ буруу замаар орох нь ээ гэж. Тэр буруу замаар орох үе ч надад байсан. Ялангуяа ес, аравдугаар ангид бол нэлээд хөдөлгөөнтэй болсон. Гадаа гудманд хүүхдүүдтэй л байж байна. Тэгээд тийм насны хүүхдүүд яаж сахилгагүйтдэг билээ. Тэрүүгээр л орсон доо. Ганц нэг гар зөрүүлнэ, тэр нь хэрээс хэтрээд сургуулиасаа хөөгдөж байсан үе ч бий.
Хөөгдсөн гэнээ?
Тиймээ. Тэгж бүтэлгүйтэж байсан үе бий.
Есдүгээр ангиасаа хөөгдөх болсон шалтгаанаа хэлж болох уу. Чухам юу болсон юм бэ?
Үгүй яахав дээ. Бага залуу насны, хэнд ч тохиолдож болохоор зүйл юм л даа. Үерхдэг охин гэж байлаа ш дээ. Түүнтэйгээ явж байлаа. Тэр үеийн манай 40 мянгатын нэг атаман нь намайг нэг өдөр сүрхий дээрэлхдэг юм байна. Нөгөө үерхдэг охин маань хараад зогсож байдаг. Тэгж дээрэлхүүлж, зодуулсан хүнд янз янзын юм бодогдоно. Насных ч биз, элдэв үйл явдалтай ном их уншдаг байсных ч биз. Майн Рид, Жек Лондон, "Монте Кристо гүн" энэ тэр гээд л... Цусан өшөөгөө авна, хатуу ярина гэсэн юм л бодогдоод уналаа. Тэгээд л тэр атамантай хатуу ярьж байгаа нь тэр. Хатуу ярьснаас болоод л хэрэг түвэгт ордог юм байна. Гэхдээ насанд хүрээгүй байсан тул сургуулиас хөөгдөөд л өнгөрсөн.
Тэр атаман тэгээд яасан бэ?
Бага залуу байх үеийн харьцаа их сонин ш дээ. Дараа нь тэр мундаг атамантайгаа сүрхий дотносож үерхсэн. "Пацаан Зоригоо" гэж онгироо давилуун боловч цайлган залуу байж билээ. Хүн ч зодно, хөгжим ч сонирхоно. Пянзны сайхан цуглуулгатай. Пацаан Зоригоо бас уран гэж жигтэйхэн. Намайг оюутан болоод Москва явах үед хамба хилэнгээр "тарпийз" хэмээх өмд оёж өгч бэлэглэж байсан санагддаг.
Та тэгээд дунд сургуулиа хаана, яаж дүүргэсэн юм бэ?
За тэгээд сургуулиасаа сахилга батын улмаас хасагдчихдаг юм байна. Ингээд сургууль соёлгүй дэмий тэнээд байдаг. Буруу замаар яг орлоо. Гэтэл тэр нөгөө нийлээд байдаг байсан "болох бүтэхгүй, уруу татдаг" гэдэг нэр зүүсэн нөхөд маань "Ээ, Баяр чи ингэж болохгүй. Чи бидэнтэй адилхан хог дээр гарлаа. Чи бол сурлага сайтай хүүхэд. Үгүй ядаж ес төгссөн цаастай болоод ав. Амьдралд хэрэг болно. Энд оройн дунд сургууль байна" гэлээ. Нацагдоржийн хөшөөний хажууд нэг оройн сургууль байсан юм. Тэнд очоод "Би орос сургуульд байсан. Есдүгээр анги төгсөх шалгалтаа өгмөөр байна" гэж хэллээ. Захирал нь их бодь хүн байж таарсан. "Аав чинь хэн бэ" л гэж байна. "Аав байхгүй" л гэлээ. Тэгсэн "ээж чинь хэн юм бэ" л гэж байна. "Ийм хүн бий. Би ингэсэн тэгсэн, ийм тийм учиртай юм аа" гээд байдгаа ярилаа. Захирал "Тэгвэл чи шалгалтаа өг дөө" гэсэн. Шалгалтаа өгөөд есдүгээр ангиа төгссөн. Аравдугаар ангид ороход маань ээж Эрхүүд докторын зэрэг хамгаалахаар явах боллоо. Намайг аваад явчихдаг юм байна. Тэнд ээжийгээ дагаж очоод аравдугаар ангиа төгссөн дөө.
Хүүхдүүд аавынхаа юм уу, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн жишээ хаа сайгүй таардаг. Та ер нь ээжийнхээ энэ сонин мэргэжил рүү яагаад татагдаагүй юм бэ? Ингэхэд хуульч гэдэг мэргэжлийг хэрхэн яаж сонгосон тухайгаа...
Ээжийн маань докторантурт явах нэг зорилго нь байнга хөдөө явж байгаад энэ хүүхдийг хараа хяналтгүй орхичихлоо гэж бодсон байх. Тэгээд намайг аваад явсан. Хуульчийн мэргэжлийг сонгодог нь одоо бодоод байхад миний сонголт биш байсан юм шиг байгаа юм. Хуулийг бага зэрэг зөрчдөг хүүхдээс том хуульч гаргаж авна шахуу юм ээж маань бодсон юм шиг байгаа юм. Надад тэгээд ч тэр үед сонгоод авчихсан, шимтчихсэн юм байгаагүй. Яахав арваа төгсөхөөр конкурс өгөөд дээд сургуульд ордог юм байна гэсэн ерөнхий ойлголт л байсан. Шалгалтаа өгсөн. Боломжийн оноотой байсан юм байлгүй. Сонголт хийх боломж гарсан. Тэгээд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хуулийн ангийн хуваарь авсан. Ингээд л хуульч болох замд орчихсон.
Таныг төгсч ирэнгүүтээ МОНЦАМЭ-д ажилласан гэж дуулсан юм байна?
Би хуульч мэргэжилтэй төгсөж ирсэн. За тэгээд олон улсын эрх зүй, төр эрхийн онол энэ тэр гээд нарийн ширийн юм бас заалгасан санаатай. Яахав сурлагандаа бас муугүй байсан юм шиг байгаа юм. Төгсөх ангийн оюутан байхад би нутагтаа практик хийж байлаа. Нэг өдөр тэр үеийн улс төрийн товчооны гишүүн намын төв хорооны нарийн бичгийн дарга ЖаланАажав гуай дуудаж байна гэдэг юм байна. Би тэгэхэд АИХ-ын тэргүүлэгчдийн газрын архивын тоосон дотор юм ухаад сууж байтал гэнэт дуудагдаж байгаа хүн шүү дээ. Парламентын засаглал гэдэг сэдвээр дипломын ажил бичих санаатай. Гэтэл ЖаланАажав дарга дуудаж байна гэдэг. Тэгээд гэртээ очиж хувцсаа сольж ирээд уулздаг юмаа. "Танай сургуулиас Төв хорооны боловсон хүчний хэлтэст бичиг ирж. Сургуулиа төгсөнгүүт нь шууд аспирантурт бэлдвэл яасан юм бэ гэсэн утгатай. Яагаад чамтай уулзаж байна вэ гэхээр энэ бичиг ирүүлсэн Златопольский гэдэг энэ багш чинь бас миний багш байхгүй юу. Чи асперантурт үлдэх бодол байна уу. Ер нь яах бодолтой байна" гэж ЖаланАажав гуай хэлдэг юм байна. Би хариу хэлэх юм олддоггүй. Огт бэлтгэлгүй байж. Дуугүй сууж байснаа нэрэлхсэн юм уу, яасан юм "Үгүй, одоо тэгээд тийм журам байхгүй биз дээ. Сургуулиа төгсөөд шууд аспирантурт үлддэг. Тэгээд ч би нэг их эрдмийн ажил хийгээд байх авьяас сонирхолгүй" гэсэн утгатай юм хэллээ. Жалан-Аажав гуай тэгэхэд намайг нэг их сүрхий харж билээ. "За, тийм байж. Юу ч гэсэн чи сургуулиа төгсөөд ажиллаж бай. Тэгээд яахав сургууль соёлын тухай хэсэг хугацааны дараа бодож эхлэх байлгүй дээ. Сургуулиа сайн төгсөөрэй" гээд л саллаа. Гэнэтийн энэ уулзалтын тухай ээждээ, найз нөхөддөө ярьдаг юм байна. Тэнэг мулгуугаараа мөн ч их дуудуулсан.
Тэр чинь одоо хэдэн он 6э?
1978 он л доо. Тэгээд удалгүй хэд гурван жилийн дараа сургуулийн асуудал ид бодогдоод ирэх үед Жалан-Аажав дарга маань хэлмэгдээд Завхан аймаг руу цөлөгдсөн. Ухаандаа намайг эргэж хандаарай гэсэн хүн маань шүү дээ. Сургуулиа төгсөж ирээд би Хотын захиргааны Соёлын хэлтэст хуваарилагддаг юм байна. Соёлын хэлтэст кинотеатр хариуцсан зааварлагч юм биз дээ. Кинотеатруудаар баахан явлаа. Эхэндээ сайхан л байлаа. Кино үзээд л. Нэг киног тав, зургаа үзээд ирэхээр залхаж байна. Тэнд хагас жил орчим болоод л цэрэг татлагаар зургаан сард
явсан.
Тэр үед цэрэг гурван жил байсан билүү?
Тийм. Хугацаат алба нь гурван жил байсан. Хаашдаа цэрэгт татахад надад ар өврийн хаалга гэж байх биш. Сайн дураараа цэрэгт явж оногдсон хугацааг нь эртхэн эдлээд дуусгая гэж бодлоо.
Хаана алба хаав?
Өө, янз янзын ангиар дамжсан. Тэгэхэд их дээд сургууль төгссөн олон залуучуудыг цэрэгт татсан юм. Армийг өргөтгөн зохион байгуулж байсан нь тэр. Хятад Вьетнамтай байлдаад байдаг. Байдал энэ бүс нутагт нэлээд түвэгтэй болчихсон. Зэвсгээр хөөцөлдөх гэдэг чинь яг гаарч байсан үе. Манайх жижиг улс ч гэсэн армиа өргөтгөөд авсан. Ер нь эр хүйстэй болгоныг цэрэгт татна гэсэн шахуу бодлого явж байлаа. Тэгээд офицероор дөрвөн жил алба хаасан. Жанжин штабт алба хаасан даа. Хууль тогтоомжийн төсөлтэй ноцолдолцох, орос зөвлөх нарт хэлмэрчлэх энэ тэр гэж л явсан. Одоо бодоход цэргийн албанд гайгүй нухлагдаж, үгийн болон үйлийн шанаа хүртэж, амьдралын бас нэг сургууль дүүргэж дээ.
"Цаг үе залуучууд" нэвтрүүлгээр таныг анх ил гарч ирж, олны танил болсон л гэж боддог шүү?
1983 оны зун "Монцамэ"- д очоод янз янзын орон тоон дээр ажиллаад бас хэрэндээ зүтгэж байсан юм байлгүй, дэвшүүлээд байдаг байсан. Сурвалжлагчаар жинхлээд удалгүй редактор болгосон. Дараа нь хариуцлагатай редактор болоод тэгснээ ерөнхий редактор болж үздэг юм байна. Дэвшээд байгаа нь тэр. Тэгээд гэнэт нэг өдөр Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны орлогч дарга болчихдог юм байна. Орлогч сайд гэсэн үг. Тэр үед одоогийн 25-р сувгийн Алтай, Авирмэд нар өөр өөрсдийн чиглэлээр радио, телевизэд шинэ сонин нэвтрүүлэг хийж байсан л даа. ЗХУ-д нөгөө өөрчлөн байгуулалт ид хүчээ авч байсан үе.
Яг тэр "Цаг үе залуучууд" нэвтрүүлгийн санаа анх хаанаас, хэний санаачлагаар гарч ирсэн юм бол?
Бид ярьж сууж байгаад л хийсэн байх. Ямар ч байсан тэр үед бас юм юм дуурайдаг байлаа шүү дээ. Нөгөө Оросын нэгдүгээр сувгаар тиймэрхүү нэвтрүүлэг олноороо гарч эхэлсэн. Тэгээд ийм нэвтрүүлэг хийх ёстой юм байна. Манайд ч гэсэн ил тод байдал хэрэгтэй гээд. Тэр үед "энхрий хайрт нам засгийн" бодлого арай өөр байсан. 1985- 87 оны үе шүү дээ. Тэгээд энэ Алтай, бас манай радиогийн хөгжмийн редакцид байсан, дараа нь "Хонх" хамтлаг байгуулдаг Энхбаяр бид хэд тэр нэвтрүүлгийг эхэлсэн юм. Мөн хэдхэн жилийн өмнө өөд болчихдог дизайнер Түвшин дөнгөж Германаас сургууль төгсөөд ирчихсэн байгаад бидэнтэй нийлсэн. Алтай чинь манай МРТУХ-ны Эвлэлийн хорооны дарга байсан. Би ч бас нэг хурган дарга. Бас ч гэж боломжтой, бололцоотой байсан. Ийм нэвтрүүлэг хийе гэсэн. Том дарга нар хэсэг цааргалж байснаа дэмжсэн.
Хэдэн настай депутатад нэр дэвшсэн бэ?
Гучин гуравтай байсан юм уу даа. Би Монцамэ-д байхдаа нэг биеийн тамирын тэмцээнд орж байгаад эвгүй гишгээд шөрмөсөө гэмтээчихсэн эмнэлэгт байж байтал 1990 оны сонгууль дөхчихдөг юм байна. Манай байгууллагынхан намайг эргэж ирээд өөрийн чинь нэрийг АИХ-ын депутатад дэвшүүлсэн шүү гэж байна. "Яаж байгаа юм бэ та нар" гэсэн чинь "Бүгд л дэвшүүлээд байна шүү дээ" гэдэг юм байна. 90 онд сонгуулийн хуулиар тухайн тойрогт байгаа албан байгууллага бүр нэр дэвшүүлэх эрхтэй байсан. "Өө, тийм юм гэж байхгүй. Тэгж дамшиглахгүй шүү" гэж эгдүүцэж үзлээ. Гэтэл өөдөөс "Юу ярьж байгаа юм. 25 дугаар гуанзныхан хүртэл тогоочоо дэвшүүлээд байхад Монцамэ бас ч гэж нэртэй байгууллага. Хүн дэвшүүлэхгүй байхдаа яадаг юм. Депутат болтол хаа байсан юм. Ямар ч байсан бид нэрийг чинь дэвшүүлчихсэн шүү" гэж байна. Хэсэг маргалдлаа. Гэхдээ нэг их сүрхий юм бодож ухалгүй нэр дэвшүүлснийг нь тэгсгээд зөвшөөрмөр болж билээ. АИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог гэж байлаа. Улаанбаатарын яг төв хэсэг шүү дээ. Манай "Монцамэ" чинь Төв шууданд байрладаг байсан. Ингээд АИХ-ын депутатад баахан хүмүүсээ дэвшүүлээд үзээд байдаг. 70 гаруй хүн нэр дэвшсэн санагдана. Тэгээд эхний шатанд хоёр хүн үлдчихдэг юм байна. МОАН-аас- "Хонх" хамтлагийн ахлагч, манай радиогийн редактор С.Цогтсайхан, МАХН-аас би. Бид хоёр хамгийн их олон санал авсан. Тэгээд хоёр дахь шатны сонгууль болж С.Цогтсайханаас хэдхэн хүний илүү санал аваад АИХ-ын депутат болчихдог юм байна. Нөгөө "Монцамэ" -гийн дарга хэвээрээ. АИХын анхны чуулганаа хийгээд ерөнхийлөгчөөр П.Очирбат гуайг сонгоод сүрхий юм боллоо шүү дээ. Тэгтэл Улсын бага хуралд орж ажиллах уу гэдэг санал тавьдаг юм байна. Чи мэргэжлийн хуульч юм байна шүү дээ. Хуульч хуульчдаа парламентын засаглал гэдгийг судалж байсан. Дипломын ажил чинь ч гэсэн тийм сэдэвтэй юм байна гэдэг байгаа.
Тэгээд УБХ-ын гишүүн болсон биз дээ?
Тийм ээ. Эргэлзээ бол байсан. Нэг яриа санаанаас гардаггүй юм. УБХ-д АИХаас оруулах депутатуудын асуудал ярьж байлаа. Тэгтэл Ерөнхий сайд байсан Бямбасүрэн гуай надад хандан "Чи УБХ-д орж яах гэсэн юм. Засагтаа байвал дээр биш үү" гэж билээ. Юу гэсэн үг юм бол гэж би нэлээд бодлоо. Бодож байгаад УБХ-д ороод үзэхээр шийдсэн.
Танай 40 мянгатаас олон лидер төрсөн. Эндээс төрсөн таны үеийнхнээс их олон нь фронтын нөгөө талд гарсан шүү дээ. Түрүүн та энэ үеийг цөн түрэхтэй зүйрлэж байсан. Танд Бат-Үүл нарын сэдсэн тэр үйл хэрэгт оролцох боломж байгаагүй юу?
Бодолгүй яахав. Тэр үед ч бодож байсан. Одоо ч боддог. Хүний хувь тавилан, заяа төөрөг гэж байна. Тэрүүгээрээ л болдог байх. Нөгөөтэйгүүр, фронтын хоёр талд гарчихсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Хиймлээр л улааныхан ба харынхан гэж ярьдаг болохоос бидний хооронд сүрхий ялгаа гэж юу байсан юм. Сайн муутайгаа нэг л цаг үе, нэг л орчны бүтээгдэхүүн. Э.Бат-Үүл нарын хэлж ярьж байсан нааштай олон зүйлийг чухамхүү бид мэт дэмжиж байсан учраас л хөдөлсөн, өөрчлөгдсөн. Алдсан бол хамтдаа л алдсан. Олсон юм байгаа бол нийлээд л олсон. Ерөнхий утгаар нь яривал хувь хүнээс үл хамаара хөгжлийн зүй тогтол гэж нэг юм бий. Жишээ нь, цөн түрлээ гэхэд голын эрэг дээр хэн хаана зогссоноос, хэн юу хэлснээс үл хамаарч цөн түрнэ. "Түр, түр" гэж хашгирсан ч түрнэ, "бүү түр" гэж орилсон ч түрнэ.
Тэр үед МАХН дотроо нэлээд бужигнаантай байсан. Ер нь энэ намыг авч үлдэж чадсаны гавъяаг хүртэх ёстой хүмүүс нь ямар хүмүүс байдаг юм бэ? Одоо энэ тухай ерөөсөө яригдахгүй юм...
Энэ асуултад хариулахад хэцүү. Тэр үеийн бүрэн мэдээлэл надад алга. Яагаад гэвэл би тэр бужигнаан дотор бусадтайгаа хамт нэг хэсгийг нь л мэдэж мэдэрч явсан болохоос биш болж байгаа үйл явцыг бүхэлд нь харах, ухаарах хэмжээний туршлага, мэдлэг, зөн билэгтэй байсангүй л дээ. Янз янзаар л явсан байх. Хувьсгалт намыг зүгээр л тараачихъя гэсэн бодол хүний, өөрийн олон хүнд төрсөн байх. Энийг даван туулаад МАХН-ыг нам гэдэг утгаар нь авч үлдсэн гавъяатай улсууд олон бий. Тэр хүмүүсийн нэг нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх байж байгаад Болгарт элчингээр томилогддог Б.Даш-Ёндон гуайг гэж би хэлнэ. Хүмүүс янз янзаар л хэлэх байх. Ер нь түүх өөрөө их сонин л доо. Түүхийг ийм байдлаар бас тодорхойлсон байдаг. "Түүх бол ердөө л ялсан этгээдийн дэвшүүлж буй нэг хувилбар" гэж. Тэр тодорхойлолтын дагуу л яваад байх шиг байна. Хувьсгалт намыг хүнд хэцүү цагт авч үлдэхэд Б.Даш-Ёндон гуай түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж би хувьдаа боддог. Тэгээд эцэс сүүлд нь 1996 оны сонгуулийн дараа хамгийн муу, хувьсгалт намыг балласан хүний тоонд ороод адлагдаад явсан хүн. Гэтэл үнэн түүх нь өөр байдаг.
Жигүүр гээд ид бужигнаж байх үеэр гол баатар байсан олон залуус танай намд байдаг. Тэд одооны шинэ хүмүүсийг бодоход илүү их намаа гэсэн сэтгэлтэй, авч үлдэх гэж чармайж байсан юм биш үү?
Явж байхад янз янзын л хүн таарна шүү дээ. Хэн нэгэнд дургүй хүрлээ гээд би яахав. Дур хүрлээ ч гээд яахав. Тэгээд ч өрөөл бусдыг элдвээр дүгнээд ч яалаа. Өөрөө л өөдтэй байхыг хичээх нь дээр биз. Нэг сайхан сургаал байдаг. "Шүүгдэхийг хүсэхгүй байвал өөрөө бүү шүү" гэж. Энэ зарчмыг барьж явах нь дээр байдаг.
Та МАХН-ыг XXI зуун руу хөтлөн орох залуу лидерүүдээр тодорч байсан хүмүүсийн нэг. Харин та түүхэн боломжоо алдсан юм биш үү?
Тэр бага залууд нь лидерээр тодруулсан барьсан гэдэг яриа үнэмшил багатай. Ямар хутагт хувилгаан тодруулж байгаа биш. Тэгээд ч лидерийг тодруулдаггүй! Өөрөө тодроод, товойгоод гараад ирдэг жамтай. Ерөөс хэн, хаана байж болох байсан вэ гэдэг асуудал нэгдүгээрт, хүний хувь төөргөөс хамааралтай зүйл. Нөгөө талаас тэр хүний үг, үйл, байр суурийг орчин тойрныхон нь яаж хүлээж авч байна гэдгээс их шалтгаалах байх. Энэний оронд хэн байх байсан бэ ч гэдэг юм уу, тэрний оронд тэр байх бололцоо байсан уу үгүй юу гэдэг бол дандаа л таамаг, магадлалын хэмжээнд яригдах асуудал. Ямар нэгэн том эрх тушаалаас хоцорчихлоо. Би байх ёстой байр суурин дээрээ очиж чадсангүй гэдэг ч юм уу, тэр энэ миний урдуур хойгуур орлоо гэсэн тийм бодол надад алга. Бид цөмөөрөө л харьцангуй залуу байна. Цаашдаа юм хийх бололцоо, эрч хүч хэн хэнд маань байгаа.
Бага залуугаасаа дарга, сайд болох ер нь ямар вэ? Сайн муу талыг нь та юу гэж боддог вэ?
Нэг их балчир байхаасаа сайд даргаар тодорчихсон юм надад үгүй. Янз янз л байж үзсэн. Цэрэг ч байлаа, дарга ч байлаа. Анх 30 орчим настайдаа орлогч сайдын хэмжээнд дэвшиж байгаа юм. Тэр үед бас тийм залуувтар дарга нар ховор байсан нь үнэн. Гэхдээ л байсан. Лав л би хамгийн залуу нь байгаагүй байх. Одоо бол амар болсон байналээ. Сайн муу талын хувьд гэвэл нэг үг санаанаас минь гардаггүй юм. Орлогч сайд болчихоод харц дээгүүр харайлгаж явлаа. Тэгтэл надад нэг хашир туршлагатай, өндөр албан тушаал хашиж явсан хүн хэлсэн юм. "Хэт эрт өндөр сэнтийд суух осолтой. Бүх юм тухайн хүний насанд дүйж байх ёстой. Хэтэрхий багаасаа өндрөө авбал зам их амархан мухардчих гээд байдаг юм шүү" гэж. Энэ үг надад нэгийг бодогдуулсан шүү. Ер нь цагийн юм цагтаа.
Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар сүүлийн дөрвөн жил ажиллалаа. Энэ албан тушаалдаа сэтгэл ханамжтай байдаг уу?
Хэн ч бай ноогдсон ажлыг чадлынхаа хэрээр, ном ёсоор нь хийдэг байх ёстой гэж би хувьдаа боддог. Ямар тохиолоор энэ ажлыг гүйцэтгэх тавилан надад оногдсон юм бүү мэд. Энэ албан тушаалдаа хэр ажилласан бэ гэдгийг би өөрөө үнэлж дүгнэх утгагүй. Хэр ажилласныг намайг томилсон Ерөнхийлөгч л хэлэх байх. Ерөнхийлөгч хэр ажилласныг түүнийг сонгосон ард түмэн л хэлэх байх. Энэ үүднээс авч үзвэл ЕТГ-ын дарга гэдэг бол хэрэндээ онцгой өвөрмөц алба шүү дээ. Монголд дээрээ ганцхан даргатай хүн ЕТГ-ын дарга. Тэр хүнийхээ өмнө л хариуцлага хүлээнэ. Үүгээрээ л онцлог.
Хамтран ажиллаач гэх саналыг мэдээж Ерөнхийлөгч эхэлж тавьсан байх. Ер нь Н.Багабанди гуайтай та хэдийнээс танилцаж ингэж ойр дотно болсон юм бэ?
Түүнийг би 1980-аад оны сүүлээс мэднэ л дээ. ЗХУ-д Нийгмийн ухааны академи төгсөж ирээд Төв хорооны үзэл суртлын хэлтэст ажиллаж байхаас нь танина. Би тэгэхэд Мэдээлэл, радио телевизийн улсын хороонд байлаа. Бид ажил төрлийн холбоотой байсан. 1996 оны сонгуулийн дараа юм даа, манай нам ялагдал хүлээчихсэн байдаг юм. Би бас намаас нэр дэвшээд ялагдчихсан байсан. Тэрнээс хойш л бид ганц нэг уулздаг, санаа бодлоо солилцдог болсон. Тэгээд гэнэт л Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийг зохион байгуулахад идэвхтэй оролцооч, сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаач гэх саналыг надад тавьсан.
Ерөнхийлөгч өөрөө юу?
Тийм. 1997 оны хавар л даа. Хоёр сард байна уу, гурван сард уу. Би бас гайхсан л даа. Төдийлэн сайн мэдэхгүй, өөрт нь танигдаагүй хүнд тийм санал тавина гэдэг бол том эрсдэл. Хувь хүний ч хувьд, улс төрийн үр дүнгийн ч хувьд. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол зарчмын их том ач холбогдолтой сонгууль байсан. Тэгээд намайг чадна гэж бодсон юм байлгүй. Сонгуулийн дараа Ерөнхийлөгч намайг энэ ажлыг хийгээч ээ гэж санал болгосон. Тэгээд л тэр.
Ерөнхийлөгч дахин бүх ард түмнээс сонгогдож ялалт байгууллаа. Сүүлийн үед таныг түүнтэй хамтарч ажиллахаа болихоор шийдсэн гэж ярилцах болж. Та Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ахиад ажиллахгүй юм уу, эсвэл танд ямар нэгэн шинэ төлөвлөгөө байна уу?
Үгүй яахав дээ. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид хэнтэй ажиллах вэ, шинэ багаа яаж бүрдүүлэх вэ гэдэг бололцоог нь олгох учиртай. Энэ бол гол асуудал. Дараа нь би гэдэг хүн цаашдаа хаана, яаж ажиллах вэ гэдгээ ч бас шийдэх ёстой шүү дээ. Албан ёсны шийд гараагүй байна. Бодож байгаа, зөвлөлдөж байгаа юм бий. Хэн хэндээ л боломж өгөх ёстой. Надад шинэ орчин, шинэ нөхцөл байдалтай нүүр тулж, зарим үед амьдралынхаа хэмнэлийг өөрчилж байвал амьдрал илүү дүүрэн, илүү сонирхолтой байх юм шиг санагддаг.
Дуу хөгжмийн шинэ сэргэг урсгалуудыг оруулж ирэхэд ялангуяа тэр үеийн сэхээтэн залуус их үүрэг гүйцэтгэсэн тухай баримт их байдаг л даа. Одоогийн дуучдын дуу танд таалагддаг уу, Сараагийн ч юм уу?
За, би чинь энэ тал дээр бол бусдаас илүү гарах юм байхгүй. Бусадтай ижил хэмжээнд байгаа болов уу гэж боддог. Урлаг миний амьдралд сүрхий шийдвэрлэх үүрэгтэй гэж гоё гоё юм яримааргүй байна. Сайхан хөгжим сайхан шүү дээ. Сараа сайн дуучин. Бас Жаргалсайхан байна. Өөрсдийн өнгө аялгуу, орон зайтай л дуучид. Ариунаа ч гэсэн ялгаагүй. Гадных гэх юм бол зөндөө л олон байна даа.
Танайх загас их иддэг үү?
Иднээ, идэлгүй яахав. Ээж өвөл, зунгүй л манайх руу загас зөөдөг .
Ээж тань өөрөө барих уу?
Барилгүй яахав.
Таны ээж ганц хүүдээ хэр сэтгэл хангалуун байдаг вэ, ялангуяа таны энэ таны ажиллаж, амьдарч байгаа түвшинг хэр тоодог бол?
Үгүй яахав дээ, хүний дайтай явж байна гэдэг талаас нь бол сэтгэл нь хангалуун л байдаг байх. Улс төрийг нэг их таалж сонирхдоггүй юм билээ. Харин нэг зүйлд сэтгэл дундуур байдаг нь мэдэгддэг. Өөрөө эрдмийн хүн учраас "Үгүй чи, одоо ядаж дэд эрдэмтэн болчихгүй дээ" гэж надад хэлдэг. Би бол тэр нь нэг их чухал юм уу, үгүй юм уу гэдгийг сайн мэддэггүй юм. Бас нэг үлдээх ганц нэг номтой ч болоосой гэж боддог юм шиг байгаа юм. Эдгээрийг нь амжуулаагүй л явна.

Сэтгэгдэлүүд:
Онгоц, пуужин биш юмаа гэхэд морины хурдтай болгох юмсан. Үүнд хэн буруутай вэ гэвэл бид өөрсдөө, учир нь хонцод найдаж, бас ажил хөдөлмөр оюуны чадавхаараа дээшилсэн хэн нэгний атаархуу зан төрхөөсөө болж матаж унагадаг, дээр нь эв нэгдлээ умартан хэт улс төржин сонгогчид маань олон хуваагдсан байна.
“Эвт шаазгай буга барина” гэсэн цэцэн үг бий. Үүний тод жишээ нь “Хотгойдын хурд-2007” наадам юм. Нутгийн зөвлөл, нам эвслүүдийн төлөөлөл, бизнес эрхлэгчид хамтран энэхүү наадмыг улсын хэмжээнд үлгэр жишээ зохион байгуулж чадсаныг Та бид бүгд тодхон санаж байгаа.
Яг үүн шиг эв, эеийг эрхэмлэн, нэг зорилгын төлөө тууштай зүтгэвэл амжилтад хүрэх тохироо нь бүрдсэн сайхан үе Хөвсгөл нутгийнхны өмнө тохиогоод байна.
Учир юу гэвээс Монгол Улсын гүйцэтгэх Засаглалын сэнтийд Хөвсгөл нутгийн уугуул иргэн С.Баяр заларсан явдал юм. Энэ бол бидний хувьд азтай завшаан төдийгүй С.Баяр сайдын багийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны дэд сайд, ЗТАЖЯ-ны дэд сайд, БСШУЯ-ны санхүү эдийн засгийн газрын дарга, ХТҮГ-ын дарга зэрэг мэдлэг, чадвартай, туршлагатай, эх орон, нутаг усаа гэсэн чин сэтгэлтэй Хөвсгөл нутгийн уугуул иргэд хөгжлийн төлөө хамтдаа ажиллаж байна.
С.Баяр болон түүний багийн Хөвсгөлчүүд хангай нутгийн цэлмэг саруул ухаан, байгаль эх дэлхийтэйгээ харилцдаг эрхэм нандин харилцаа, мэдлэг чадвараараа аймаг, орон нутагаа төдийгүй улс орныг хөгжүүлэхэд манлайлах үүрэг гүйцэтгэх болно гэдэгт бид итгэлтэй байна.
Гэвч, одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайдын суудал хязгаарлагдмал хугацаатай байгаа ч бид хичээвэл үүнийг доод тал нь 2.5 жил, магадгүй 4.5 жил болгож ч болох юм. Гагцхүү үүнийг энэ жилийн сонгуулийн үр дүн, сонгогч бидний мэргэн оюун л шийднэ. УИХ-ын 2008 оны сонгуулиар С.Баяр болон түүний журмын нөхөд улсын хэмжээнд доод тал нь 39 суудал авсан тохиолдолд Ерөнхий сайдын суудлын эзэн Хөвсгөлийн үндсэн иргэн хэвээр байх болно. Энэ нөхцлийг хангахад сонгогчдын, тухайлбал Хөвсгөлчүүд бидний сонгуулиар саналаа дугуйлах мутрын үзүүрт Ерөнхий сайдын суудлыг хангах их хурлын гишүүний 10 хувь бэлэн байна. Хөвсгөлчүүд ээ, энэ боломжийг бүү алдагтун.
Бидний дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх, ажил хэрэгч, нутаг амьтай С.Баярын журмын нөхдийг сонгож тэдэнд үүргээ биелүүлж нэр төрөө бадраах даалгавар гардуулцгаая.
Ингэж ирэх 4 жилд хөгжлийнхээ хурдыг түргэтгэж эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцээ бүрэн сайжруулж, бүгдээрээ сайхан амьдрах дөт замыг алдахгүйн төлөө нэгдэцгээе. ХӨВСГӨЛЧҮҮДЭЭ!
Баяр арай ч 2-р хүний бичсэн шиг жалга довны үзэл гаргүй бизээ.
Сэтгэгдэл үлдээх: