Улс төр хамгийн бохир орчин гэвэл би санал нийлэхгүй

Ярилцсан Б.Туяацэцэг

Монгол Улсын шинэхэн Ерөнхий сайд Санжаагийн Баяртай уулзаж ярилцлаа. Бидний ярилцлага Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, цаашдын үйл ажиллагаа, бодлого, зорилт гэх мэт "хүнд" сэдвээс холуур өрнөв. С.Баяр гэж хэн юм бэ? Түүний бодол хүсэл, хувь хүнийх нь мөн чанар, дотоод ертөнцийг бага боловч нээн харж, өдгөө хүртэл туулсан амьдралтай нь танилцахыг хичээсэн юм. Улстөрч, намын дарга, Ерөнхий сайд С.Баярын улс төргүй эгэл иргэний амьдралын будаггүй үнэн уншигчдад маань сонирхолтой байх болтугай.

УЛС ТӨР ХАМГИЙН БОХИР ОРЧИН ГЭВЭЛ БИ САНАЛ НИЙЛЭХГҮЙ

 

МАХН-ын XXY их хурал аравдугаар сарын 22-нд эхэлж, та МАХН-ын дарга болсон. Яг нэг сарын дараа арваннэгдүгээр сарын 22- нд Монгол Улсын Ерөнхий сайд боллоо. Ганцхан сарын хугацаанд та хоёр том албан тушаал хүлээн авчээ. Энэ бүх томилгоо таны амьдралд хэр өөрчлөлт авчирч байна вэ. Та өөрөө өөрчлөгдөж байна уу?

Амьдрал бол өөрчлөгдөөгүй, үргэлжилж л байна. Харин амьдралын хурд хэмнэл, орчин байршил, ажлын ачаалал, хариуцлагын хэмжээ, харилцах хүрээ гээд яривал олон зүйл өөрчлөгдсөн. Энэ бүхнийг дагаад би ч өөрчлөгдөж байгаа юм бил үү, бүү мэд. Өөрөө бол мэдэхгүй шүү дээ. Одоохондоо хэн ч надад тийм юм яриагүй л байна. Бодвол хэвээрээ байгаа учраас тэр биз.

Таныг Ерөнхий сайдаар томилогдсон мөчөөс эхлэн урьдынхаас олон хүн хүрээлж, баяр хүргэж, бас зарим нь хүсэлт гуйлт ч хүргэж амжаа биз. Бас төрийн томчуудын төвөгшөөдөг хамгаалалтад орлоо. Энэ ямар санагдаж байна?

Хууль нь тийм учраас хамгаалалттай болж, хувийн эрх чөлөө маань үлэмж хумигдлаа. Тухайн өдрийн ажил, арга хэмжээ, уулзалт энэ тэр гээд цаанаас төлөвлөгдчихдөг учраас цаг завын талаар өөрийн мэдэл гэж бараг үгүй болсон. Олны дотор чөлөөтэй явах энэ тэр бол бүр байхгүй. Зоргоороо, тааваараа байгаад сурчихсан тул амаргүй л байна. Тэгэхдээ яая гэхэв. Шинэ нөхцөл байдалдаа түргэн дасах л хэрэгтэй боллоо.

Нийгэм тэр аяараа улстөржиж, бас улс төрөөс залхаж байна. Улстөржөөгүй, эгэл жирийн сэдвээр ярилцаж танаас ганц нэг асуулт асууя гэж бодсон юм. Ингэхэд улстөрч та улс төрийн амьдралаас залхдаг уу?

Улс төрийн амьдрал гэж хаа нэг газар тусдаа өрнөж байдаг тусгай амьдрал биш л дээ. Улс төр бол бидний амьдралын нэг л хэсэг. Тэгэхдээ бүр өчүүхэн хэсэг ч байж магад. Хүний үйл ажиллагааны нэг л чиглэл. Ажлын нэг л талбар. Хүн ажлаасаа залхдаг уу? Залхдаг. Хүн ажилдаа дурладаг уу? Дурладаг. Залхах, дурлах гэдэг нэг юмны хоёр үзүүр. Хэн билээ дээ, нэг ухаантан хэлсэн байдаг, хүн ажлынхаа хэмжээ, ачааллаас болж залхана гэж үгүй, харин хийж байгаа ажил нь урагшгүй, урамгүй бол залхдаг гэж. Энэ бол үнэн шүү.

Хүний амьдралын утга учир таныхаар бол юу юм бэ?

 

Энэ асуултыг бага залуу байхдаа өөрөөс болон бусдаас байнга асуудаг байж. Хариултыг нь олох гэж хэрдээ их шаналдаг байж. Одоо бол надад хариулт нь маш тодорхой. Амьдралын утга учир амьдрал өөрөө шүү дээ. Зовлон жаргал, хүсэл хясал, гэрэл сүүдэр, учрал хагацал, үхэл сэхэл гээд олон юмаар дүүрэн савыг амьдрал гэдэг.

Жаргал гэж таны бодлоор юу вэ?

Хорвоогийн тоос босгож явах боломжтой байна гэдэг маань өөрөө жаргал. Тоос босгохоо больчихлоо гээд бодоод, төсөөлөөд үз дээ. Харанхуй нүх харагдаж байгаа биз. Амьд, эрүүл саруул явахын тулд хүнд хоол, хувцас хэрэгтэй. Энэ бол бэлэн байхад үнэ цэнийг нь мэддэггүй, үгүй болохоор нь үхчих гээд байдаг алд биеийн суурь хэрэгцээ. Хоол хувцаснаас гадна хүнд юу хэрэгтэй вэ? Санах нутаг орон, зүтгэх ажил үйлс. Асрах аав ээж, өсгөх үр хүүхэд. Амьдрах хань ижил, нөхөрлөх анд найз гээд хувь хүний оюун сэтгэлийн суурь хэрэгцээ бас бий. Энэ бүхэн бүрэн байна гэдэг бол туйлын жаргал.

Тэгвэл таныхаар зовлон гэж юу вэ?

Аль нэг нь дутвал зовлон болдог. Дутагдсан, алдагдсан хойно нь л үгүйлдэг, ухаардаг нь амьдралын жам. Бүтэн жаргал хэнд ч заяадаггүй байх. Гэхдээ өөрт үлдсэнээ үнэлж, хадгалж, бөөцийлж чаддаг байх нь бас нэгэн жаргал байх шүү. Юм дутахлаар зовох нь зовдог. Харин хэрэгцээ хэмжээнээсээ хэтэрсэнийг хүсэх, эдлэх гэх нь түүнээсээ том зовлон болдог юм шиг байна. Эргэн тойрноо нэг сайн хар даа. Тийм зовлонд нэрвэгдсэн хүн цөөнгүй явна цаана чинь.

Хүн заавал бүхнийг гүйцээж, бүгдийг мэдэж нийгэмд лидер, манлайлагч байх ёстой гэж үү?

Ганц олдсон амьдралаа яаж туулахыг хүн өөрөө л мэднэ. Орчин нөхцөл, заяа төөрөг гэдэг ч юмуу тухайн хүнээс хамаардаггүй юм их бий л дээ. Гэхдээ л хүнээс өөрөөс нь шалтгаалах юм түүнээс хавьгүй их гэж боддог. Бүхнийг мэдэх, гүйцээх гэдэг хүсэлтэй байж болно. Гэхдээ бүхнийг биш гэхэд ядаж өөрийгөө "би хэн бэ" гэж мэдмээр байгаа юм. Яагаад гэвэл хүний зан төлөв, ааш араншин хувь заяаг нь залчихдаг учраас өөрийгөө мэддэг, гадарладаг байх нь чухал. Заавал олныг манлайлагч, хошуучлагч болно гэх албагүй л байх. Болно гэсний зоргоор ч болчихдоггүй. Гэхдээ аль ч тохиолдолд хүнээрээ үлдэх, өөрийнхөөрөө байх нь илүү чухал гэж боддог. "Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов" гэдэг бол нүүдэлчин монголчуудын уламжлалт сэтгэлгээний үндэс юм шиг байгаа юм.

Одоо С.Баяр гэдэг хүн хэн бэ гэдэг асуултыг хүн бүр сонирхож эхэллээ. Таныг хурц шийдэмгий зантай улстөрч, тэгсэн хэрнээ дипломатч арга барилтай гэдэг өнгөц тодорхойлолт өгдөг. Үүнээс цаашихыг мэддэггүй. Мэдэх ч боломжийг та олгодоггүй. Сэтгүүлчидтэй харилцахдаа та эелдэг, гэхдээ цаанаа л хүйтэн хөндий гэдэг тодорхойлолтыг аль хэдийнэ авчихсан. Улс төр хүний мөн чанарыг их элээдэг. Ингэхэд улс төрд хүн чанар хэрэгтэй юу?

Бизнесийн салбарт хүн чанар хэрэгтэй юу? Эмч, багш нарт хүн чанар хэрэгтэй юу гэж асууж бас болно шүү дээ. Хүний л нийгэм юм бол хүн чанар хаана ч, хэзээ ч хэрэгтэй. Улс төр үү, бизнес үү, ардын боловсрол уу энд ялгаа байхгүй. Бохир гар, бохир харилцаа эрүүл мэндийн салбарыг, улс төрийг ч, бизнесийг ч, өөр бусад юуг ч хамаагүй адилхан бохирдуулдаг. Хүн өөрийгөө тэр бохиртой хутгалгүй, цэвэр авч явж чадах эсэх нь өөрөөс нь л хамаарна. Тэрнээс тэр орчин бохир, энэ орчин цэвэр гэж урьдаас шошго оноож болохгүй байх. Хаана ч гэлээ хүн л байгаа хойно хүнээс л бүх юм хамаарна. Улс төр хамгийн бохир орчин гэвэл би санал нийлэхгүй. Харин бохир орчноос гарсан улс төрийн шийдвэр нь бусад салбарт гарсан шийдвэрээс илүү хор уршигтай гэвэл санал нийлнэ.

С.Баяр гэдэг хүн хэн бэ гэдэг асуултанд минь та хариулсангүй. Уучлаарай шулуухан хэлчихье, танд монголчуудын таашаадаг улс төрчийн имиж үгүй юм шиг санагддаг. Бөх, моринд сонирхолгүй, үйтэн хуар дээл өмсөж, угалзтай ээтэн гутал өмсөж, найр наадам хэсч элдэв цэнгээнд очдоггүй ихэмсэг сэхээтэн л харагддаг. С.Баяр гэж хэн бэ?

Өөрөө өөрийгөө би ийм тийм гээд тодорхойлоод сууж байлтай биш. Би бахь байдгаараа, өөрийнхөөрөө л байдаг. Элдэв хиймэл дүр эсгэнэ, баг углана гэдэг бол наанадаж ядаргаа, цагийн гарз. Цаанадаж хэд алхаад баг нь унаж байгаа хүн цөөнгүй таардаг. Чи намайг тийм, ийм харагддаг гээд тодорхойлолт өгч л байна. Дүгнэлт чинь зөв ч байж болно, буруу ч байж болно. Дүгнэх нь бол чиний эрх. Харин надад бас эрх байна. Бусдын таалалд нийцүүлж өөрийгөө өөрчлөөд байхгүй байх эрх. Тэгээд ч насаа бодвол миний өөрчлөгдөх хөг нь өнгөрсөн.

Бусдад тааруулж өөрийгөө өөрчлөхгүй гэсэн энэ байр суурь таныг бусдаас тусгаарлагдахад тань нөлөөлдөг биш гэж үү. Ном уншиж загасчлах дуртай, харин дээл өмсөж хөөрөг зөрүүлэх дургүй "хотын улстөрч" гэж таныг ярьдаг. Тэгээд л тэр. Бусад нь нууц...

Нэг их нууцлаад байх юм үгүй ч хамаг байдгаа дэлгээд баймаар санагддаггүй. Яах юм бэ. Наадмаар бол бөх, морь бусдын адил сонирхоно. Гэхдээ нэг их идэвхгүй, сонирхогчийн л төвшинд. Тэгэх тусмаа өөрөө бол дэвээд, шаваад, уяад байдаггүй. Дээл өмсдөг ч торгон дээл өмсөж байсангүй. Зөвхөн гэртээ, эсвэл хөдөө хөдөрдөг тэрлэг, үстэй дээл бол бий. Эр хүнд дээл бол гоёо биш хэрэглээ гэж боддог. Тэгээд ч хотын нөхцөлд нэг их таарамжтай хувцас биш шүү дээ. Миний зан төлөв, ааш араншин тэгээд тогтчихсон байна. Түүнийгээ зөв гэж зүтгэхгүй. Бусдыг буруу байна гэж нотлохгүй. "Өөрийн санаа өөртөө зөв, өрөөл давуу өмдөндөө зөв" гэдэг дээ.

 

ИТГЭХ ТУЛАХ АНД НӨХӨР БОЛ МИНИЙ АМЬДРАЛЫН НЭГЭН УТГА УЧИР

 

Таныг сайн загасчин гэж дуулсан. Харин ан ав хөөдөг гэж сонсоогүй юм байна. Ийм сонирхол танд огт төрдөггүй хэрэг үү. Танд ангийн буу бий юү?

Бий нь ч бий. Ан авд хүн дагаад ганц нэг явдаг л байлаа. Гэхдээ нэг их сонирхоод байдаггүй. Багадаа аавын ах Амбаатай тарвага зурам, хааяа нэг үнэг, хярс шоглож явахад арай л өөр байж. Амбаа маань жинхэнэ анчин байж дээ. Шинэ цагт ан хийнэ гэхээр бөөн бужигнаан, давхилдаан болоод явчихдаг юм шиг. Агаарт гарсны таашаал авч бараг чаддаггүй. Харин загасчлах бол өөр хэрэг. Загас гэдэг амьтныг барьж ч болно, барихгүй ч байж болно. Голын эрэг дагаад ганцаараа эсвэл хэдүүлээ тааваараа алхах сайхан. Өдөржингөө олзтой, олзгүй хөлхөж хөлхөж отогтоо буцаж ирээд анд нөхөдтэйгээ хээрийн хоол, ундаагаа хувааж хүртэх, эзгүй хээр эзэн нь болох гэдэг бол эр хүний жаргал.

Нөхөрлөл бол сайхан зүйл. Та аян зам туулж, ачааны хүндийг үүрэлцэх итгэлт сайн андын тухай ямар бодолтой явдгаа ярихгүй юу?

Итгэх, тулах анд нөхөртэй байна гэдэг бол зүгээр нэг сайхан зүйл биш. Миний хувьд энэ бол амьдралын нэгэн утга учир. Хүн бүрт тэр жаргал заяадаггүй юм шиг байгаа юм. Байнга уулзаад байдаг хүнийг анд гэхгүй. Харин уулзахгүй удахлаар амьдрал чинь хоосроод, үгүйлээд байдаг хүнийг л анд нөхөр гэдэг байх.

Та олон найзтай юу?

Найз бол олон. Анд нөхөд бол цөөн. Багаасаа, залуугаасаа үерхсэн, хазайхад түшдэг, хамаг байдгаа хуваалцдаг хэдэн сайн андууд бий.

Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Монголчууд эртнээс "Гэрээ засаад төрөө зас" гэдэг. Таныг өөрийнхөөрөө төр засах гэж зүтгэсээр байгаад гэр бүлдээ төдийлэн анхаарал тавиагүй юм болов уу гэж бодогддог. "Монголчууд гоонь Ерөнхий сайдтай болох нь" гээд нэг сонинд биччихсэн байна лээ. Та уншсан уу. Энэ танд юу бодогдуулав?

Энэ тухай бодоод ч яах билээ. "Бодоод бодоод, бодын шийр дөрөв." Хоёр ч удаа гэрлээд гэр бүлийн амьдрал маань бүтээгүй нь үнэн. Одоо юу гэх вэ дээ. Хувь төөрөг маань тийм юм байлгүй. Гэхдээ би "гоонь Гомбын гозон толгой" арай ч биш. Намайг төрүүлсэн ээж, дөрвөн хөөрхөн охин, ганц дэггүй банди бий.

Та хүүхдүүддээ сайн аав байж чаддаг уу. Тэднийг өсгөж хүмүүжүүлэхдээ юуг чухалчилдаг вэ?

 

Аавыг сайн, муу гэж ангилдаггүй биз ээ. Аав мөн, аав бишээр нь л ялгадаг байх. Аав бол аав. Элдэв тодотгол бол огт илүү. Аавын хувьд би эрэмдэг зэрэмдэг биш, бүрэн бүтэн амьдралтай байлгахын тулд хүүхдүүддээ давын өмнө хүн чанар суулгах ёстой. Дараа нь амьдралын элдэв нугачааг давахад нь дэмжин тусалж, өөрийгөө аваад явах чадвартай, аминдаа арчаатай болгох үүрэгтэй. Эрүүл чийрэг өсгөх ёстой. Эцэст нь, сайн боловсрол эзэмших боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй. Бусдыг нь бурхан, хувь төөрөг нь мэдтүгэй гэж үздэг.

Таны бяцхан охин Дарья АНУ-ын Ерөнхийлөгч Бушийг манайд айлчлахад цэцэг өгч байсныг санаж байна. Англи хэлэнд сайн уу?

Англиар ганц нэг үг, өгүүлбэр шулганадаг болохоор том зочинд цэцэг барих хэмжээнд үнэлэгдэж, сонгогдсон юм билээ. Гэхдээ Дарья англиасаа оросоор илүү. Орос сургуульд оруулчихсан юм. Англи хэлийг хэзээ ч сурч болох сурц сайтай хэл. Харин орос хэлийг багаасаа сурахгүй бол өөдтэй үр дүнд хүрдэггүй бололтой юм билээ. Хятад хэл ч ялгаагүй юм шиг.

Таныг дөрвөн охинтой гэж мэднэ. Харин бандитай гэж сонсоогүй юм байна. Нэрийг нь хэн гэдэг вэ?

Би охиныхоо хүүг үрчилж авсан юм. Хүүтэй болохсон гэсэн мөрөөдөл маань ингэж биелсэн. Отгон хүү учраас эрх дураараа талдаа. Бүхнийг мэддэг, бүгдийг захирсан том толгойтой банди бий. Одоо тавтай. Нэрийг нь Нацаг гэдэг юм. Миний өгсөн нэр.

Та гэргий байсан хүмүүстэйгээ уулздаг уу? Одоо тэдэнтэй ямар харилцаатай байдаг вэ?

Хүүхдүүд маань биднийг холбодог учраас би Гэрлээ, Хулан хоёртой байнгын холбоотой байдаг. Хүүхдүүдээ өсгөх, босгох нь бидний хамтын үүрэг. Салсан даруйдаа бол харилцаа хүндхэн, эмзэг л байдаг юм билээ. Цаг хугацаа бүхнийг элээж, эдгээдэг тул одоо бол жирийн сайхан харилцаатай байдаг.

 

ХЭРЭГЦЭТЭЙ ГЭЖ ҮЗВЭЛ БИ ЗАДГАЙ МӨНГӨӨ ТООЛОД ЗОГСОД БАЙХГҮЙ

Улстөрчид гадна төрхдөө онцгой анхаарах ёстой гэдэг. Та хувцсаа өөрөө сонгодог уу. Ямар стиль, брэндийн хувцсыг илүүд үздэг вэ?

Брэнд, стиль энэ тэрийг мэдэх хэрэгтэй л байдаг байх. Шулуухан хэлэхэд би энэ чиглэлийн мэргэжилтэн биш. Брэндийн хувцас гол төлөв чанартай, хийц сайтай, эдэлгээ нь удаан байдаг учраас тэр талаасаа олонд танигддаг, таашаагддаг гэж ойлгодог. Дээр нь нэр төр, алдар хүндийн асуудал ч аливаа брэндийг дагалддаг. Үүнийг нь дутуу, аль эсвэл хэтрүүлж үнэлж хэрэггүй. "Бие чөтгөр, хувцас бурхан" гэдэг дээ. Хичнээн том брэнд байлаа ч хувцас хунараа бие галбир, нас намбандаа тохируулж өмсөхгүй бол горьгүй. Хүүхэд, нохойн доог болно.

Брэндийн бараа гэхлээр өндөр үнэтэй байдаг. Та гутал хувцас, цаг энэ тэрдээ хэр их мөнгө зардаг вэ?

Би харамч талдаа хүн. Гэхдээ хэрэгцээтэй гэж үзвэл бас задгай мөнгөө тоолоод зогсоод байхгүй. "Би ийм хямд юм авдаг, тийм ч баян хүн биш" гэсэн үг байдаг. Хэрэгцээгүй, эдэлгээгүй, хямд олон юм авснаас хэрэгцээтэй, эдэлгээтэй, үнэтэй цөөн юм авсан нь дээр гэсэн энэ үзлийг би зөв гэж боддог. Гэхдээ үнийн хэмжээнд эрүүл ухааны хязгаар байх ёстой л доо. Автомашины үнэтэй бугуйн цаг зүүж яваа хүнийг би жишээ нь ойлгодоггүй. Зүгээр л надад ойлгогддоггүй сэтгэлгээ, сонирхол байна даа гэж бодоод л өнгөрдөг.

Та ямар хоббитой вэ. Ямар нэгэн юмны цуглуулга хийж үзсэн үү?

Марк, тэмдэг цуглуулж үзээгүй хүн бараг үгүй биз ээ. Би ч багадаа нэг хэсэг элдэв цуглуулга хийдэг л байлаа. Одоо бол эд агуурс цуглуулах хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Цуглуулга хийвэл хайрцаг, саванд биш, толгой тархиндаа хийх нь дээр юм шиг. Би сүүлийн хэдэн жил зүйр цэцэн үг, сонин содон хэллэг, марзан жишээ, этгээд ишлэл уншиж, сонсвол энд тэнд тэмдэглээд явдаг болсон байна билээ. Одоо түүнийгээ нэг эмхтгээд журамлаж орхивол харин ч гайгүй цуглуулга болж магадгүй. Зав л гарахгүй байна.

Таныг уран зураг сонирхдог гэж сонссон. Зургийн цуглуулга бий юу. Ямар зураачдыг илүү таашааж сонирхдог вэ?

Хэдэн зураг маань цуглуулга гэж хэлэх хэмжээнд хүрэхгүй л дээ. До.Болдын хэдэн сайхан зураг бий. Р.Нарангэрэлийн хэд гурван зураг сүүлийн үед олж авсан. Ш.Тэнгисболд, Н.Санчир, Ц.Энхжин, Я.Оюунчимэг, Д.Чимэддоржийн ганц нэг бүтээлээр нүдээ хужирладаг. Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн гайхамшигтай нэг бүтээл надад бий. Надад өөрөө бэлэглэсэн юм. Хэсэг адуун дотор явж байгаа зүгээ сөрөөд давхиж яваа цагаан хүлэг дүрсэлсэн байдаг. "Өөрийнхөөрөө" гэсэн нэртэй...

Бавуугийн Лхагвасүрэн гуай зураг зурдаг юм уу?

Зурна шүү. Сайн зурна. Лхагвасүрэн гуай бол өнгө, гэрэл, зохиомжийн маш өвөрмөц мэдрэмж, сэтгэлгээтэй зураач. Түүний зурсан зураг бол өнгө, дүрсээр илэрхийлсэн уянгын яруу найраг л гэсэн үг. Лхагвасүрэн гуайн ууган хүү Саранхөхөө ч бас өвөрмөц зураач. Тэр надад "Өнжүүлийн бор өвгөчүүд" гэсэн зургаа өгсөн. Түүнийг нь албан тасалгаандаа хадсан. Хааяа харж нүдээ амрааж, тайвшрал олдог, заримдаа бүр мөрөөдөж болдог тийм эерэг илчтэй, зөөлхөн зураг.

Таны мөрөөдөл юу вэ?

Мөрөөдлөө бол хэлэхгүй шүү.

Яагаад?

Мөрөөдлөө хүнд хэлбэл биелэхгүй болчихно гэж эмээ маань хэлдэг байсан юм.

Сэтгэгдэлүүд:

1. Вафль | 2008-06-25 11:55:12
Б. Лхагвасүрэн гуайн улс төрийн талаарх бодол нь аа бас л мундаг шүү.

Ерөнхий сайд юу мөрөөддөг бол оо.
Хувийн шинжтэй, эсвэл нйигмийн шинжтэй...аль нь бол.
2. central (зочин) | 2008-06-25 13:00:14
Ха ха та нар Баяраар дамжуулж МАХН-ын нэр хүндийг өсгөх гэж ядах юм даа. За яахав Баяр сайн хүн юм байж гэж бодоход, цаад нам нь авах юм байхгүй штээ.Та нар мэдсээр байж жаахан хүүхэд хуурч байгаа юм шиг л авирлах юм. Эсвэл та нар бүр тийм тэнэг болчихсон юм уу. Та нар өчигдөр орой ТМ телевизээр гарсан нэвтрүүлэг үзээ биз дээ. Баяр дарга чинь үгээ хэлж байна лээ."энэ нэг сая төгрөг хаанаас гараад ирсэн тоо юм бэ? ийм их мөнгийг хүн бүрт өгвөл Монголын эдийн засаг шууд унана" гээд л, Тэгснээ 6 хоногийн дараа мань хүн харин " манай намын 1 500 000 бол бүрэн үндэслэлтэй тоо гэж бодож байна" гээд л. Хэ хэ хөөрхийлөлттэй ч нам, наргиантай ч дарга шүү.
3. Mendee | 2008-06-25 13:08:21
adilhan l hun yum chini yanz buriin l yum moroodii s hdee.
gehdee medeej uls orniihoo talaar bas hubiinhaa talaar.
mani met ni bol yahab dee neg 2 oroo bair ene ter moroodoj yabtsguiteh biz dee
4. Bat (зочин) | 2008-06-25 14:04:29
С.Баяр- Хорт хавдрын эс
Эмнэлгийн хэлээр бол хорт хавдрын эс гэдэг нь хүний өөрийнх нь эс мөн боловч, бусад эд, эс, организмтайгаа зохицож нэгдмэл эрх ашгийн төлөө амьдрахын оронд, зөвхөн өөрийн тусын тулд тусгаарлаж ургаж эхэлсэн эс юм гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн организмын эрх ашгаас урвасан эс юм байна. Хорт хавдрыг эмчлэхгүй даамжруулбал(Давруулбал) эзэн бие болон өөрийгөө үхэлд хүргэж төгсдөг гэнэ. Хорт хавдрыг эмчлэх хамгийн найдвартай арга бол аль болох эрт оншлож, авч хаях арга.
С.Баярын Монголын ард түмний эрх ашгаас уравсан үйлдлүүд, хуулийг уландаа гишгэж буй явдлуудыг тоочвол хэтэрхий их бөгөөд та бүгд заримаас нь мэдэх тул бүгдийг тоочилгүй орихлоо
5. goddess | 2008-06-26 22:26:25
saihan ch er hun sain ch uls turch unheer l lidern shuu de

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.