Бусдын эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зов

ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙН ДОР

Монголын нэгэн онцлог намайг гайхшируулдаг. Улс төрийн сөрөг хүчнүүд бие бие рүүгээ бүдүүлгээр дайрахын оронд егөж түншсэн байдлыг чухалчилдаг. Яаралтай, огцом үйлдэл шаардсан нөхцөлд монголчууд ноён нуруутай, хүлээцтэй ханддаг шүү дээ.

 

Бүх зүйл тийм өөгүй сайхан биш л дээ, гэхдээ ерөнхий дүр төрхийг нь та сайн ажиглаж. Нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг үүнд ихээхэн нөлөөтэй. Манайд хүн хүнтэйгээ харилцах харилцаа нь өөрөө үнэт зүйл байдаг. Хэдэн сараар хүний бараа хараагүй хүн зочинтойгоо жигтэйхэн баяртай уулздаг. Морьтой хүн тэнгэр газрын савслагад дахин тодрон гарч ирэх хүртэл тэр хүн зочинтойгоо ярьсан яриагаа ой тойндоо баттай санаж байх болно. Бид бүгдээрээ нүүдэлчний уламжлалт гэр бүлээс гаралтай бөгөөд хоёр сая таван зуун мянган хүний гуравны нэг нь одоо ч нүүдэллэн амьдарч байна. Нөгөө талаар бид цөөхүүлээ гэдгээ ямагт санаж явдаг. Улаанбаатарт л гэхэд хүүхэд ахуйн найз нөхөд минь олон. Энэ бүгд 90-ээд оны Монголын хувьсгал Чехийнхээс «аядуу дөлгөөн» болсныг ямар нэг хэмжээгээр тодотгож байгаа юм. Нийгмийн дотоодод сөргөлдөх байдал гарч байсан, зарим үед бүр нэлээд хурц хэлбэрээр илэрдэг ч монгол хүн байдлыг хурцатгахыг хүсэгчдэд найр тавина гэж үү дээ. Энэ баримтлалыг бид өөрсдийнхөө түүхээс, Чингис хааныхаа сургаалаас өвлөн авсан юм.

Элчин сайдын ширээн дээр Чингис хааны хөрөг байх хэрэгтэй гэж үү? Элчин сайдуудын өрөөнд ихэвчлэн тухайн улс орны төр, засгийн удирдагчдын хөрөг л өлгөөтэй харагддагсан.

Төрийн тэргүүн гэдэг нэгэн цаг үеийнх, харин Монголын төр, улсыг үндэслэн байгуулагч бол мөнхийн суутан.

Таны энэ үг Улаанбаатарт хэн нэгнийг эмзэглүүлж магадгүй гэдгээс та эмээхгүй байна уу?

Золоор монголчууд маань түүхийн мэдлэг болоод хошин шогийн мэдрэмж сайтай хүмүүс.

Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Тамгын газрын даргаа яагаад Орост Элчин сайдаар томилсон юм бол оо?

Дотнын зөвлөхөө ч харамлаагүй нь Оростой харилцах ах дүүгийн харилцааг маш өндрөөр үнэлсэн хэрэг биш үү(инээв).  Үнэндээ бол ийм явдал болсон юм. 2001 онд түүнийг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоных нь дараа дипломат албанд ажиллуулж өгөхийг би өөрөө хүссэн юм. Вашингтон, Токио, Бээжин, Москва гэсэн сонголт байлаа. Миний болон гэргийгийн минь хувьд Орос илүү ойр байсан. Зөвхөн газар зүйн ойлголтоор ч биш, эхнэр маань Москвад олон жил амьдарч, (түүний эцэг манай Элчин сайдын яаманд ажиллаж байсан) энд их сургуульд суралцаж байсан юм.

 

 

ӨӨРИЙН ТУХАЙ ЗАРИМ НЭГИЙГ

Та аз жаргалтай хүн мөн үү?

Тэгэлгүй яахав... Бидний амьдарч байгаагийн маань хамгийн гол утга учир бол хүүхдүүд минь. Монголд өрх үүсгэж тусдаа гарсан хүүхдүүд нь хүртэл эх эцэгтэйгээ хамт амьдарсаар байдаг. Надтай ч гэсэн миний том болсон хүүхдүүд байж л байна. Энэ бол дорнынхны өрнөдийнхнөөс ялгагдах ялгаа гэж би боддог. Хүүхдүүдээ өсгөхийн тулд хөдөлмөрлөж зүтгэснээ тооцоолж, тэднээс хариу горьдохын хэрэггүй. Тэд бидний төлөө биш, өөрийн үр хүүхдийн төлөө амьдардаг. Энэ босоо шугам мөнх үргэлжилнэ.

30-аад онд танай өвөг удмынханд «ардын дайсан» хэмээх им тамга зүүдэг байсан тухай надад ярьж байсан...

Хүн амын бараг тэн хагас нь ийм им тамга зүүж явсан. Миний өвөг эцэг Хөвсгөлийн өмнө талын хүн. Энэ нутагт маш олон сүм хийд, буддын шашны сургууль байж. Өвөг эцэг маань монгол, төвд, санскрит гурван хэл мэддэг лам хүн байсан юм билээ. 1921 оны хувьсгалын дараа өөр шиг нь буяны мөр дагасан 30 000 хүний адил хэлмэгдсэн. Үндэс угсаагаар нь мөрдөн мөшгих үед миний өвгийг эхийнх нь гарлаар өөнтөглөн, улс төрийн махны машинд чихэн оруулжээ. Эх нь хөдөө аж ахуйн дээд боловсролтой, буриад гаралтай хүн байж таарч. Миний аав түүхч байсан, ээж загас судлаач. Ээжийн оролцоотой Байгаль далайгаас Хөвсгөлд омуль загасыг нутагшуулсан юм. Энэ үйл явдал миний нартад мэндлэх үетэй давхацсан болохоор ээж маань намайг «Монгол омультай чацуу» гэж ярьдаг.

Москвагийн улсын их сургууль таны хувьд улс төрд хүрэх тулгуур болсон уу?

Тийм ч байж болох, үгүй ч байж болох. Зөвлөлтөд, гадаадын оюутнуудтай таван жил хамт суралцан, 1956 оны Унгар, 1968 оны Прагийн хаврын үйл явдалд сэтгэл хөөрч, Солженицын, Аксенов, Войновичийн номыг бие биедээ дамжуулан нууцаар уншиж, босогчийн сэтгэхүйгээр халдварлагдсан залуус Улаанбаатартаа очиж байлаа. Оюутны чөлөөт амьдралын сэтгэлгээ, манай «хөдөөгийн социализмыг» хамгаалагчид хоёр хоорондоо огтхон ч таарч тохирохгүй нь гайхмаар. Биднийг ажилд хуваарилахдаа тусгай комиссынхон улс төрийн боловсролын байдлыг тодруулна. Жишээлбэл «Хүн бүр бага балчраасаа эхлэн юуг хайрлан хамгаалах ёстой вэ?» гэж асууна. Асуултад намын сүүлчийн их хурлаас томъёолсон байдлаар буюу «Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг...» хэмээн хариулах ёстой. Комиссын дүгнэлт МГУ-гийн дипломоос чухал. Надаас бас Монголын тэмээн сүргийн тоо толгойг хэлэхийг шаардсан. Би яаж мэдэх билээ? Тэгээд олон улсын хуульчийн дипломтай намайг нийслэлийн нэг районд их барилгын ажил хариуцуулан томилж байлаа.

Одоо бол хэчнээн тэмээтэйг сайн мэдэж байгаа биз дээ?

(Инээв) Мэдэхгүй бол яалаа гэж намайг Элчингээр томилох вэ? Хоёр зуун наян мянга. Тэр үед бараг сая тэмээтэй байсан юм билээ. Монголчууд тэмээний ноосоор хийсэн хачин сайхан дулаахан хөнжлөөр бүх дэлхийг бүрхэж болох байсан хэдий ч тоо толгой нь хорогдсоор байгаа нь харамсалтай.

 

ШИНЭ МОНГОЛ

 

Бид Монголын шинэ үеийнхэн буюу баячуудын тухай сэдэвт тулж ирлээ. Тэд оросуудаас ялгаатай юу?

Анхны хуримтлал бий болгох үйл явц нь хэмжээний хувьд өөр байсан ч хамрах хүрээгээрээ үндсэндээ ялгаагүй бүхий л орон зайг хамарч, Берлиний хананаас Хятадыг хүртэл өртөөлж байсан. Боломжинд илүү ойр байсан залуучуудын байгууллагын идэвхтэн, намын ажилтнууд, дээд албан тушаалынхан илүү ихийг шүүрсэн. Ихэнх нь 90-ээд оны эхээр Орос, Хятадын хоорондох аятай нөхцөл байдлыг ашиглан хөрөнгө хуримтлуулсан. Монголчууд аль алинд нь ямар нэгэн хүндрэл, бэрхшээлгүйгээр зорчиж, Хятадын өргөн хэрэглээний барааг Оросын зах зээлд авчирч, хятадуудын захиалгаар Оросын түүхий эд, машиныг хүргэж өгч байлаа. Одоо бол бизнес чимхлүүр болсон. Хэл, зах зээлийн хуулийг судлах гээд.

Гудамжинд яваа баян чинээлэг хүмүүс ямар нэг байдлаар бусдаасаа ялгагдах уу?

Гадаад байдлаараа тэд бас л соёлжуу харагдаж эхэлж байна. Саяхан л «шинэ баян»-ы шинж тэмдэг болж байсан, хүзүүндээ зүүсэн бүдүүн алтан гинж одоо бараг харагдахгүй. Түүний оронд «нүүдэлч малчны маягаар» үнэ цайтай үндэсний хувцас дээлийг үнэгэн малгайтай хослуулан гоёж, нэлээд үнэтэй морин дээр хазгай суун, гар утас барьж, Европ, Америкт байгаа төрөл төрөгсөдтэйгээ ярьж яваа баячуудтай олон тааралдах болно. Манай баячууд өнөөдөр «мерседес» цуглуулахаа больж, ямар ч машинаас илүү үнэтэй жороо, хурдан моринд дурладаг болсон.

Чингис хаанаас хойш анх удаагаа, тэгэхдээ ажил хэргээр монголчууд дэлхийг эзлэн дагуулж байгаа юм шиг санагддаг...

Монголчууд Өмнөд Солонгост хамгийн олноороо байгаа. Дараа нь Германд, гуравт нь Америк орно. Орос 5-6 дугаар байранд байгаа. Хятадаас тодорхой тоо баримт алга, гэхдээ ойролцоогоор 2-3 мянга орчим хүн байгаа байх. Монголчууд бага ажиллахыг хичээдгээс муу амьдардаг гэсэн бүдүүлэг ойлголтыг няцаамаар байна. Манайхан сайн сайхан амьдрахын төлөө тэнд адуу мал мэт ажиллаж байгаа. Олсон мөнгөнийхөө ихэнх хэсгийг гэр рүүгээ явуулдаг. Зөвхөн Өмнөд Солонгосоос л гэхэд жилдээ 40-50 сая ам.доллар орж ирж байна. Энэ бол 2.5 сая хүн амтай улс орны хувьд бага мөнгө биш.

Та нутаг нэгтнүүдээ эх орондоо буц гэж ятгадаггүй юу?

Яагаад ятгах ёстой гэж... Америкийн ресторан, буудлуудад менежер, Солонгосын үйлдвэрт захирал, Европын фирмүүдэд программчин, цаашлаад математикч, физикч, биотехнологич болсон олон монгол залуусыг би харсан. Монголын нэгэн уран барималч еврей эхнэртэйгээ Израиль руу явсан юм. Түүнийг тэнд Чингисхаим хэмээн нэрлэдэг болсон байна лээ. Оюуны чадвар, авьяас билэг алдагдахвий гэдгээс эмээж болох хэдий ч нутаг нэгтнүүдийнхээ сэтгэл бодлыг сайн мэддэгийн хувьд тэднийгээ эргээд ирнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Та яагаад ийм их итгэлтэй байна вэ?

Энэ дэлхий дээрх ямар ч мах төрөлх нутгийнхаа өвс ургамлаар хооллосон монгол хонины зүсэм махыг орлож чадахгүй. Дэлхийн хамгийн баян нийслэлээс ч гэсэн монгол хүн гэр лүүгээ мах захиж байдаг юм. Хонь фермерийн эзний өгч байгааг идэх, өөрөө тал нутгийнхаа бэлчээрээс хүссэнээ сонгон олж, амтлах хоёрт онцгой ялгаа бий. Сонголтын эрх чөлөө (инээгээд) гэдэг хонинд хүртэл чухал. Манай шилжин суурьшигчид заавал эргэж харина. Яагаад гэвэл тэд нүүдэлч түмний үр сад. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр төрсөн голомтдоо буцаж очно.

Москвад суугаа Элчинд Монголоос бас л хонины мах ирүүлдэг үү?

Элчин сайд монгол хүн биш гэж үү?

Дипломатчдаас цөөнгүй нь тодорхой нэг хугацаанд бизнес, аж ахуйн ажил руу ордог. Иймэрхүү хэтийн төлөв таны сонирхлыг татдаг уу?

Бурхны элгийг хөшөөе гэвэл ирээдүйн төлөвлөгөөгөө ярьж өг гэдэг биз дээ.

 

ОРОС ХЯТАДЫН ХООРОНД

 

Гудамжинд яваа 6-7 хүний нэг нь оросууд байдаг асан 70-80-аад оны Улаанбаатарыг санаж байна...

Ерээд онд оросуудтай тун ховор тааралдахаар байсан. Гэхдээ ариун газарт хоосон зай байдаггүй гэдэг шүү дээ. Одоо манайд америкчууд оросуудаас олон болсон. Хятад, солонгосчууд бол бүр олуулаа. Бараг 500 мянган хүн оросоор ярьж чаддаг, 50 мянга нь германаар ойлгох чадвартай, тэднээс хамаагүй цөөхөн нь англи, солонгос, япон хэл мэддэг гэдгийг тооцох юм бол энэ нь хачирхмаар л даа. Бас хагас зуу орчим хүн хятадаар боломжийн ярьчихна. Энэ бол Хятадтай харилцах бүх төрлийн харилцаа нэлээд удаан хугацаагаар тасалдсантай холбоотой.

Таны бодлоор жингийн туухай хаашаа хазайх бол?

Орос буюу Хятадын давуу байдал бидэнд хэрэггүй. Ийм байдал хичнээн ээдрээтэй байдгийг бид хэдэн зуун жил амссан. Бид бүгдийг харилцан тэнцүү, тэгш, тэнцвэртэй байгаасай гэж хүсч байна... Бид Орос, Хятад гэсэн хоёр том хөрштэйгээ хамгийн найрсаг харилцахын төлөө байна. Гэхдээ бид гурав дахь хэмээн нэрлэдэг Америк, Япон, Солонгос, Европ мэтийн «хөршүүдийн» сонирхлыг манай газар нутаг татаж, тэр нь эхний хоёрын сонирхлыг тэнцвэржүүлж байгаасай гэж хүсдэг. Үүнийгээ бид олон талт гадаад улс төрийн бодлого гэж нэрлэдэг юм.

Ийм нөхцөлд XIX зууны эхний хагасаас Монголд амьдарч байгаа «местный орос»-уудын асуудал ямархуу байх бол. Тэд хоёр зууныг дамнан харийнхны дунд байгаа өөрийн, өөрийнхнийхөө дунд байгаа харийн хүн шиг амьдарч ирлээ шүү дээ?

«Местный орос»-уудын дунд сургуулийн маань найзууд ч бий. Тэд амаргүй хувь заяаг туулж яваа хүмүүс. Монголд бол тэд оросууд, Орост ирэхээрээ монголчууд. Нэгэн цагт тэд 20 мянгуулаа байлаа. Одоо 1500. Хэн нэг нь Оросын иргэний харьяалалтай болж, нутгаа зориход, зарим нь Монголын иргэн болж, монгол хүний эдэлдэг эрхийг эдэлж байгаа. Улаанбаатарт үнэн алдартны шашны сүм нээгдэхэд би Москвагаас хамба Кириллийг урьсан...

 

Таны өрөөнд Далай ламын хөрөг байх юм. Бид ч гэсэн түүнийг айлчлахад зориулан барьсан сайхан гэрт ярилцаж байна. Та шүтлэгтэй хүн үү?

Би бүхий л шашныг хүндэлдэг. Гэхдээ гэрийнхнийхээ уламжлал, хүмүүжлээр, ихэнх монголчуудынхаа адил би Буддаг шүтдэг. Сүмд болдог шашны зан үйлд зориудаар ч юм уу очдоггүй. Тэгэхээр үнэхээр шүтлэгтэй хүнд би өөрийгөө тооцохгүй. Шүтлэг бишрэлийн мөн чанар нь ёс жаягтаа биш, сургаал номлолдоо л байдаг гэж би үздэг.

Оросын засаг захиргаа Далай ламд дамжин өнгөрөх виз олгохоос татгалзсан саяхны үйл явдалд та хэрхэн хандсан бэ? Хэрэв энэ тухай ярихыг хүсэхгүй байвал ийм асуулт асуугаагүй гэж тооцсон ч болно. Дуу хураагчаа нээх үү?

Яагаад үгүй гэж... Монголчуудын хувьд, түүний дотор миний ч хувьд гэсэн Далай ламыг бишрэх хүндлэл бол зөвхөн шүтлэгийн асуудал биш. Бүх Оросын тэргүүн хамбыг үнэн алдартны шашны сүсэгтнүүдийн урилгаар өөр нэгэн оронд айлчлах гэхэд нь хориг тавина гэж та төсөөлж чадах уу? Нэг том хөрш нь бидний багшаа хэмээн хүндэлдэг хүнийг улс төрийн дайснаа гэж үзэж, нөгөө нь эв эеийг хичээхийн үүднээс түүнийг өөрийнхөө нутаг дэвсгэрээр дайран шүтэн бишрэгч монголчууддаа хүрэхэд төвөг саад учруулж байхад сүүлчийнхэд нь хоёр их гүрний хүсэл зоригийг сөрөхгүйгээр шашны лидерээ ямар нэг аргаар хүлээн авахаас өөр арга олдохгүй болно оо доо. Тэр хүн нь бас Нобелийн шагналтай хүн шүү. Далай ламыг айлчлах үеэр би Улаанбаатарт байсан болохоор Монгол орон тэр чигээрээ, сүсэгтэй сүсэггүй нь хамтаараа хэрхэн хөөрөн шуугиж байсныг нүдээрээ харсан.

Эсэргүүцлээ илэрхийлж үү?

Тиймэрхүү юм байсан байж магадгүй. Монгол сүсэгтнүүдтэйгээ уулзахын тулд тэдний Гэгээнтэн нь багагүй төвөг саад туулсан нь манай улс төдийгүй, хилийн чанадынхны сонирхлыг ч өдөөсөн хэрэг. Далай ламын айлчлал шашны үйл хэргийн нэгэн түүхэн баримт болсноос гадна бидний хүчин чармайлтын оролцоогүйгээр үндэстний нэгдэл нягтралд томоохон үйл явдал болсон. Том ард түмэнд олон зүйлийг огт өөрөөр хардаг, бага ард түмнийг ойлгох явдал төвөгтэй байдаг гэдгийг хэлье. Монголд «Бусдын эрхэнд жаргаснаас, өөрийн эрхээр зов» гэсэн зүйр цэцэн үг байдаг юм...

Сэтгэгдэлүүд:

1. Mendee | 2008-06-25 15:00:37
mon ch ih medeelel oruulj bna daa
amjilt husie.
bi oroh bolgondoo muulaad bh ni haashaa yum be.
bayr bol huniihee hubid sain hun sh dee.
daanch bogino hugatsaand ES hiilee, hiisen ajil ni oligtoi uragshilsangui.
ene bol MAHNiig huuchin ulsuud ni dooshoo tataad bna. tedniig abaad hayahad hongorno doo
2. fdghjk (зочин) | 2008-06-26 00:38:03
NEG YUM HELEHED ARD TUMEEN!!! ENE PARLAMENTAD ENE 2 (MAXH, AH) NAM OIROLTSOO SUUDAL ABAH YUM BOL GAI BOLJ IREH JIL BOLTOL ZASGIIN GAZRAA BAIGUULNA GEED HERELDEJ BAIH HOOROND NUGUU ABILGA LUIBARIIN ZAGALMAILSAN ETSEG H. ENKHBAYAR TENDEES IREH JILIIN YURUNHIILUGCHIIN SONGUULID TURIIN TOGTVORGUI BAIDAL UIMEENIIG ASHIGLAN MONGOL ORNIIG YURUNHIILUGCHIIN ZASAGLALTAI BOLGONO GEJ SOLIOROOD HUULI BATLUULAAD (MEDEEJ LUIBRAAR) BAS LUIBRAAR YURUNHIILUGCH BOLOOD UDAHGUI GAI BOLJ HEMJEELSHGUI ERHT HAAN BOLNO GEJ SOLIORCH MEDNE SHUUU... UHAANT MONGOL TUMEN MINI TUNGAAN BODNO BUI ZAI...TIIMEES ALI NEG NAMIIG NI ILT DABUU YALUULAH NI NOBSHIIN ENKHBAYARIIN SOLIORLOOS URDCHILAN HAMGAALAH BOLJ MAGAD YUN... (ENKHBAYART HAIRTAI BOL TSAASH NI DAMJUULAHGUI BAIJ BOLNO)

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.